ӨВӨРХАНГАЙ: 25 мянган толгой мал хорогдож, 55 мянган төл хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-10 06:53:30

Арвайхээр /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд төллөх 1.6 сая толгой мал байгаагаас 3.3 хувь буюу 56247 мал төллөж, 1235 мал хээл хаяжээ.


Төл бойжилт 99.3 хувьтай байгаа ба 260 төл хорогджээ. Энэ жил аймгийн хэмжээнд 4.5 сая толгой мал өвөлжиж байгаагаас 25 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Тодруулбал, ямаа 11714, хонь 9716, үхэр 1997, адуу 1646, тэмээ 12 толгойгоор хорогджээ. Хорогдол нийт малын 0,55 хувийг эзэлж байна.


Өвөл цас их байсны улмаас мал тэжээлд орж эхэлсэн бөгөөд малчдын дийлэнх нь өөрсдийн нөөцөлсөн өвс, тэжээлээ дуусгаж, зах зээлээс худалдан авалт хийж байна. Аймаг дахь улсын нөөцийн цэгүүдээс 19 суманд 50 хувийн хямдралтай үнээр 360 тонн хивэг, 400 тонн няцалсан будаан хивэг олгоод байгаа аж.

 

Мөн бусад 14 аймгийн 80 суманд оторлож байгаа 803 малчин өрхөд өвс, тэжээлийн үнийн дэмжлэг болгож, нийт 56.0 сая төгрөг шилжүүлээд байна. "Дэлхийн зөн" ОУБ-аас Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Гучин-Ус сумын 330 малчин өрхөд 200 кг тэжээл, 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

 

Холбоотой мэдээ