Виртуал тэмцээнийг спортын 11 төрлөөр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-06 16:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны 2020+5 хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу и-спортын долоо хоногийг энэ оны 6 дугаар сарын 22-25-нд Сингапурт анх удаа зохион байгуулна.


Энэхүү арга хэмжээ нь виртуал спортын хөгжлийг дэмжих зорилготой юм. Фестивалийн үеэр виртуал спортын хөгжлийг олон нийтэд таниулж, хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийг харуулна.


Мөн төрөл бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж, боловсролд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх аж. ОУОХ-ноос и-спортын фестивалийг угтаж цуврал тэмцээнүүдийг дэлхий даяар онлайнаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Цуврал тэмцээнүүд гуравдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ. Эдгээр тэмцээнээс шалгарсан шилдэг 150-200 оролцогч Сингапурт болох финалын тэмцээнд оролцох эрхээ авах аж.


Виртуал тэмцээнийг спортын 11 төрлөөр зохион байгуулна. Тэдгээрээс байт харваа, бейсбол, шатар, дугуй, бүжгийн спорт, мото спорт, дарвуулт завь, таеквондо, теннисний тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болжээ.

Холбоотой мэдээ