ӨВӨРХАНГАЙ: Гал түймрийн гаралт өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-01 12:58:04

Арвайхээр /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын үеэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймрийн гурван дуудлагын дагуу ажиллаж, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Тухайлбал, Арвайхээр 5 дугаар багт иргэн иргэн Д-ийн хоёр давхар сууцны галлагааны өрөөнд яндангийн дулаалга шатаж байсныг, 8 дугаар багт иргэн  Ш-ын 12х8 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөө шатаж байсныг, 4 дүгээр багт иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж байсныг Гал унтраах, аврах 12 дугаар ангийн аврагчид, Онцгой комиссын хариуцлагатай жижүүр газар дээр нь очиж яаралтай арга хэмжээ авч галыг унтраасан байна.


Он гарсаар тус албанд объектын гал түймрийн 10 гаруй 3 дуудлага, аврах ажиллагааны 7 дуудлага бүртгэгдэж, эрэн хайх, аврах бүлгийхэн шуурхай ажилласнаар 89 хүний амь, нэг тэрбум 112 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Оны эхний хоёр сард гарсан гал түймрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 40 хувиар нэмэгдсэн байна.

Иймд хаврын салхи шуургатай өдрүүдэд цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил гал хаяхгүй байх, цахилгааны аюулгүй байдлыг хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ