Ахлах ангийн сурагчид хичээлээ өөрөө сонгон суралцах боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-01 13:22:07

Сурагч ирээдүйд эзэмших мэргэжилдээ хэрэгтэй хичээлийг өөрөө сонгон суралцдаг хэв маяг ЕБС-ийн ахлах ангид бүрэлдэж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог болж байгаа юм. Ийм хэв маяг бүхий ахлах анги Дундговь аймгийн  6 сургуульд хичээллэхээр боллоо.

БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй ЕБС-ийн сургалтын шинэчлэлийн нэг хэлбэр нь ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр бөгөөд өнгөрсөн жил улсын хэмжээнд 40 лабортори сургуульд туршаад энэ хичээлийн жилээс бүх сургуульд хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

Дундговь аймгийн хувьд өнгөрсөн хавар 9 дүгээр ангийг 224 суралцагч төгсгөсөн. Тэдний 200 гаруй нь ахлах ангидаа үргэлжлүүлэн суралцахаар бүртгүүлсэн байна. Суралцагчид аймгийн төвийн 5 сургууль, Эрдэнэдалай сумын дунд сургуулийн нийт 7 бүлэгт тус тус суралцана.

Суралцагчид ирээдүйд эзэмших мэргэжилдээ шаардлагатай хичээлийг өөрсдөө сонгох бөгөөд ингэхдээ гүнзгийрүүлж судлах хичээлээс гадна заавал судлах хичээлүүдээс сонголт хийх юм байна. Ахлах ангийн сургалтын энэ хэв маяг хүүхдийн ирээдүйд эзэмших мэргэжлийг илүү тодорхой болгож, өөрийн чадвар, хүсэл сонирхол, нөөц боломждоо тохируулан суралцах нөхцөл бүрдлээ гэж ахлах ангийн багш, сурагч, эцэг эхчүүд үзэж байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ