Ж.Байден Киевт гэнэтийн айлчлал хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд даваа гарагт гэнэтийн айлчлал хийжээ. Энэхүү айлчлал нь ОХУ Украин руу довтолж эхэлсэн өдрөөс хэдхэн өдрийн өмнө болж байна.
“Жозеф Байден, Киевт тавтай морил! Таны айлчлал украинчуудад дэмжлэг үзүүлж байгаагийн илэрхийлэл болж байна” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.
Аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар урьдчилан зарлаагүй энэхүү айлчлал нь Ж.Байдены хувьд Оросын довтолгоо эхэлснээс хойш Украинд хийж буй анхны айлчлал боллоо.
“Орос Украин руу довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж буй энэ үед миний бие Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Украины ардчилал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх тууштай үүрэг амлалтаа дахин нотлохоор өнөөдөр Киевт хүрэлцэн ирээд байна” гэж Ж.Байден мэдэгджээ.
Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский хэлсэн үгэндээ, Ж.Байдентай хийсэн хэлэлцээ Украиныг “ялалтад улам ойртуулж байгааг” онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Украинд 500 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ амлажээ.
“Өнөөдрийн яриа хэлэлцээ ихээхэн үр дүнтэй байлаа. Маш чухал, шийдвэрлэх ач холбогдолтой хэлэлцээ боллоо” гэж В.Зеленский мэдэгдсэн байна. Пентагоны мэдээлснээр, дайн эхэлснээс хойш АНУ-аас Украинд үзүүлсэн, мөн үзүүлэхээр амлаад байгаа цэргийн тусламжийн хэмжээ 30 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.
Ж.Байдены Киевт хийсэн гэнэтийн айлчлал таван цаг орчим үргэлжилсэн гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэрбээр даваа гаргийн орой Польшид хүрэлцэн очжээ.