ДАРХАН-УУЛ: Гурван ихэр охидын гэр бүлд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-17 20:10:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гурван ихэр хүүхэд төрүүлсэн таван эх байдаг аж. Тэдний нэг нь Е.Баршагүль юм.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Э.Аманжал, Е.Баршагүль нар 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гурван ихэр охидтой болж бүл нэмжээ. Охидын ээж Е.Баршагүль зургаа дахь төрөлтөөрөө есөн хүүхдийн ээж болсон байна. Дөрвөн хүүтэй байсан тэрбээр тав дахь удаа төрөхдөө хүү, охин ихэр төрүүлж, харин зургаа дахь төрөлтөөр гурван ихэр охин мэндэлснээр ам бүл 11-үүлээ болжээ.


Өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал ихэр охидыг аав, ээжийнх нь хамт хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, 10 сая төгрөгийн батламж, гарын бэлгийн хамт гардуулав. Мөн үеэр ихрүүдэд Хонгор сумын ЗДТГ-аас гурван сая төгрөгийн батламж гардуулж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Охидод ээж, аав нь А.Аясулу, А.Күнсулу, А.Нурсулу хэмээх нэр хайрлажээ. 


Улиран өнгөрч буй усан бар жилд аймгийн хэмжээнд 1991 хүүхэд төрсөн байна.


Е.Баршагүль Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт амаржсан бөгөөд тус хамт олон анх удаа гурван ихэр хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ. Тус багт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б.Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесар мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлсэн байна.

Ихэр охид 1700 грамм, 1800 грамм, 1900 грамм жинтэй төрсөн аж. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлгаж эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, ээж охидыг гэрт нь гаргасан байна.

Холбоотой мэдээ