Агаарын бохирдлыг багасгахад хүүхдүүд мод тарих хүсэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-02-17 13:16:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг багасгахад хүүхдүүд мод суулгах талбай гаргуулах, зааварчилгаа авч мод тарихаас гадна томчуудаас эх дэлхийгээ хайрлах үлгэр дууриалыг хүсэж байгаагаа "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулганы үеэр илэрхийллээ.


Түүнчлэн, сургуулийн орчинд хогоо ангилж хаях мэргэжлийн зөвлөгөө өгч, ангилан ялгаха хогийн савтай болох энэ чиглэлээр клуб ажиллуулж, хөтөлбөр хэрэгжүүлж болох талаар ч ярилцаж байв.



Азий Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, БОАЖЯ хамтран ирэх сард зохион байгуулах агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний уулзалтыг угтан "Green generation-Ногоон үе" чуулганд хүүхдүүд дуу хоолойгоо сонсгож байгаа юм.

Хүүхдүүдээс амьсгалж буй агаартаа хэр сэтгэл ханамжтай байдаг, тэдэнд ямар бэрхшээл тохиолдож байгаа, агаарын бохирдлоос өөрийгөө яаж хамгаалдаг, хэрхэн тэмцэж, хувь нэмэр оруулж чадах тухай санал бодлыг нь сонсож судалгаа авчээ. Судалгаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 8190 хүүхэд цахимаар оролцсон бол 500 гаруй хүүхэд тусгай төхөөрөмж ашиглан, агаарын чанарын стандартыг судалсан байна.


Судалгаагаар, хүүхдүүдийн 80 орчим хувь нь агаарын чанарт сэтгэл хангалуун бус гэж хариулсан нь хот, хөдөөгөөс хамаараад харьцангуй байгаа аж. Сургуулийн орчинд агаарын чанар “хангалтгүй”, өглөө хичээлд явахад утаа ихтэй, сургууль орчмын айлаас гадна уурын зуухны яндангийн утаа агаар бохирдуулдаг. Сургуулийн орчинд ногоон байгууламж хангалтгүйгээс гадна хувцас муухай үнэртэй болж, амархан бохирддог гэжээ. Мөн агаарын бохирдлоос болж амьсгалын замын өвчнөөр өвдөж, гадуур гарах дургүй болсон гэж хариулсан байна. Тэдний олонх нь агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахдаа амны хаалт зүүж, амралтын өдрүүдэд цэвэр агаарч гарч, дулаахан хувцасладаг талаар өгүүлжээ.



Энэ судалгааны үндсэн дээр хүүхдүүд асуудлаа өнөөдөр ярилцаж байгааг “Дэлхийн зөн” ОУБ-ын Мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Ц.Цэнгэлбаяр тэмдэглээд, “Утаанаас гадна хогоо ангилж хаядаггүй, хогоо ил задгай хаяж, шатаадгаас болж агаар бохирдож байна. Иймд хүүхдүүд ил задгай хог хаяхгүй, хүүхдүүд боломжоороо мод тарихад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Саналуудыг нь нэгтгээд, харьяа яам болон хүүхдийн зөвлөлөөр дамжуулан шийдвэр гаргах түвшинд авч хэлэлцэнэ гэж найдаж. Үүний төлөө бид ч чадах бүхнээ хийнэ” хэмээсэн юм.

 

Холбоотой мэдээ