Оросын жуулчид Монголын байгалийн сайхан, угсаатны түүх, соёлд татагдан ирдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-14 17:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монголд аялж буй жуулчдын 15 хувь нь аялал жуулчлалын тур оператор компаниудаар үйлчлүүлдэг байна. Дийлэнх хувь нь ажил хэргийн шугамаар болон чөлөөт байдлаар аялдаг гэсэн судалгаа гарсныг Улаанбаатар дахь “Русский дом”-д өнөөдөр болсон “Оросын жуулчин гэж хэн бэ” сэдэвт танилцуулга чөлөөт уулзалтын үеэр мэдээллээ.  


Дээрх байдал нь Монголын аяллын компаниуд Оросын аялагч, жуулчид юу хүсэж, тэднийг Монголд юу татаж буйг сайн судалж, түүний дагуу зорилтот үйлчилгээ үзүүлж ая тухтай байдлыг хангаваас хойд хөршийн аялагч жуулчдыг албан ёсоор хүлээн авах орон зай Монголын аялал жуулчлалын тур оператор компаниуд байгааг харуулж байна хэмээн уулзалтыг зохион байгуулагчдын нэг Светлана Маркова хэлж байна.


Монголд аялж буй Оросын жуулчдын 82 хувь нь байгалийн сайхныг сонирхон ирдэг бол 20 гаруй хувь нь угсаатны түүх, соёлыг сонирхдог, мөн монголчуудын зочломтгой занд татагддаг байна. Ерөнхийдөө ОХУ-аас гадаадын улс орнуудад аялж буй жуулчдын 42 хувь нь далайн эрэг дээр амрах, худалдаа хийх, эвент үйл ажиллагааны дагуу аялах, эмчилгээ, сувиллын аяллыг сонирхдог гэсэн судалгаа байгааг тэрбээр танилцууллаа.


Монголын хувьд наад зах нь Оросын Красноярск, Алтайн хязгаар, Чита мужаас зорьж буй аялагч, жуулчид хол учир автомашинаар ирэх боломжгүй тул Монголд тэдэнд автомашинаар үйлчилж хүлээн авах боломж байна гэв.


Оросууд гадаадад ихэвчлэн Турк, Газар дундын тэнгисийн орнууд, Мальдивын арлууд, Тайландад аялдаг бол дотооддоо Карель, Дагестан, Алтайн хязгаар, Туль, Эрхүү мужид очдог, хилийн бүсийн аяллын нөхцөл байдал нь Монголтой төстэй байдаг тул монголчууд оросуудыг татах боломжтойг учирлаж байлаа.


Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар дахь “Русский дом”, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Ресторан, зоогийн газрын холбоо болон тогоочдын нийгэмлэгээс “Монголд зочлох жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Оросын жуулчин хэн бэ” сэдэвт чөлөөт уулзалтад ОХУ-аас Москва, Эрхүү, Улаан-Үд хот болон Усть-Орд, Алтайн хязгаараас ирсэн аялал жуулчлалын болон хөдөө аж ахуй, зоогийн газрын компаниудын төлөөлөл, сэтгүүлчид оролцлоо.


Уулзалтын үеэр зохион байгуулагчдын зүгээс оролцогч Монгол, Оросын аялал жуулчлалын компанийн төлөөллөөс “Оросын жуулчид Монголд ирэхэд юу анхаарах, Оросын жуулчны талаар та юу мэдэх вэ?” гэсэн асуумж бүхий бяцхан судалгааг авч байлаа.


Холбоотой мэдээ