ДАРХАН-УУЛ: Төрийн байгууллагуудын санаачилгаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-14 08:12:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг боловсруулан иргэн ААНБ-ын оролцоотойгоор мод тарьж ургуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2032 он хүртэл 1521,81 га талбайд 20.0 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хугацаанд Шарын гол, Хонгор сум жил бүр 1.000.000 мод, Дархан сум 7.500.000 ширхэг мод, суурьшлын бүсийн 50 га талбайд ногоон байгууламж байгуулах, Орхон сум 500.000 мод тарихаар төлөвлөсөн. Мөн Хонгор сумын Зулзагын голын нарсан ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар 10 сая модыг тус бүс нутагт тарьж, ургуулах зорилт тавин ажиллаж байна.




Зорилтын хүрээнд өнгөрсөн 2022 онд аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын тарьж ургуулсан мөчир, тарьц, суулгацын нөөц зэрэг 1.2 сая ширхэг тарьц, суулгац ургуулж бойжуулж байна.

Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 20 хувь нь буюу 65,5 мян.га талбай цөлжилтөд өртсөн судалгаа байдаг аж. Хөтөлбөрийн хүрээнд цөлжилтийг багасгах, суурьшлын бусийн ногоон байгууламжийг хамгаалж, сэргээх, ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулахаар тусгагдсан байна.



Түүнчлэн аймгийн засаг дарга хүүхэд бүр жилд таван ширхэг модны үр үрсэлгээ бэлтгэгч байх санаачилгыг гаргасан. Эхний ээлжинд бүх шатны боловсролын байгууллагын багш нарт модны тарьц суулгац, үр үрсэлгээг хэрхэн бэлтгэх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө мэдээллийг хичээлийн жилийн эхэнд зохион байгуулж сургалтад хамруулсан. Өнгөрсөн намрын мод тарилтын үеэр сурагчид үр суулгаж, анхны үрсэлгээгээ бэлтгэжээ.


Төрийн болон орон нутгийн өмчийн томоохон байгууллагууд болон Дархан-Ус суваг ХК, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК, Боловсролын байгууллагууд, зарим төрийн бус байгууллагууд орчин тойрондоо, төв суурин газарт 50,3 га талбайд 21.934 ширхэг мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн 63.7 га талбайд 95.185 ширхэг навчит болон шилмүүст модны тарьц, суулгацаар ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулан нийт 197944 ширхэг мод бут сөөг тарьж ургуулан, 35379 м2 талбайг зүлэгжүүлж, 12634 м2 талбайд цэцгийн мандал байгуулан 19031 иргэн, 270 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 883,0 сая.төгрөг зарцуулсан байна. 




Мөн төрийн байгууллагуудын санаачилгаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, аймгийн төрийн байгууллагын албан хаагчид Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто зам дагуу ойн зурвас байгуулах ажил зохион байгуулж, эхний тарилтыг хийсэн. Ойн зурвасын ажлыг Дархан-Уул  аймгийн ойн мэргэжлийн байгууллага болох “Алд дэлгэм” ХХК 2022 оны намрын тарилтаар нарс 1164 ширхэг, голт бор, шар хуайс, монос, гүйлс зэрэг навчит төрлийн мод 873 ширхэг нийт 2037 ширхэг модыг 4.6 га талбайд хийж гүйцэтгэжээ.




Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлан явуулж буй “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд саарал усыг усалгаанд ашиглаж, ногоон байгууламжийн бүртгэлийг цахимжуулж, иргэн бүр тарьц, суулгац бэлтгэгч болох зорилт тавин ажиллаж байна.


 

Холбоотой мэдээ