Аюулгүй интернэтийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-07 09:15:57

Улаанбаатар /МОНЦАМЭ. Европын Аюулгүй Интернэт Төвүүдийн (SICs) Insafe/INHOPE сүлжээнээс жил бүрийн 2 дугаар сарын 2 дахь долоо хоногийн мягмар гаргийг дэлхийн “Аюулгүй интернэтийн өдөр” болгон тэмдэглэх болжээ.


Европын холбооны санаачилгаар арга хэмжээнд дэлхийн 200 гаруй улс орны хүүхэд, залуучууд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнууд болон шийдвэр гаргагч, улстөрчид нэгдэн аюулгүй интернэтийн хэрэглээг дэмжиж, дижитал технологийн хариуцлагатай, хүндэтгэлтэй, бүтээлч хэрэглээг бий болгох зорилт дэвшүүлэн хэлэлцүүлэг болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд оролцогч талуудад өнөөгийн технологийн дэвшлийг хэрхэн эерэг аюулгүй байдлаар ашиглах талаар шинэ шинэлэг, мэдээ, мэдээлэл өгдгөөрөө онцлогтой юм.


Энэ арга хэмжээг 2004 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулжээ. Монгол Улс 2017 оноос арга хэмжээнд албан ёсоор нэгдэн орсон байна. Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагууд хамтран цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгохын төлөө дэмжин оролцдог уламжлал тогтсон байна.


Аюулгүй Интернэтийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан, улстөрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчныг бүрдүүлэхийг уриалдаг. Мөн олон нийтийн сүлжээн дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээний зорилго оршдог юм.

Холбоотой мэдээ