ГОВЬ-АЛТАЙ: "Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд " хөтөлбөр бүх суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-31 15:27:46

ГОВЬ-АЛТАЙ  /МОНЦАМЭ/. "Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд " хөтөлбөр Говь-Алтай аймгийн бүх суманд хэрэгжинэ.


Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 байдаг. Дундаж наслалтын зөрүү 9.4 жил байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлтээс даруй 2.5 дахин их үзүүлэлт юм. Нийт нас баралтын 61.1 хувийг эрчүүд эзэлдэг. Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгааныг зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл буюу гаднын нөлөөлөл эзэлдэг байна.

Эрэгтэйчүүдийн хувьд амьдралын буруу хэмнэл, хорт зуршил, анхаарал хайхрамжгүй байдал зэрэг нь эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах эрсдэлт хүчин зүйлс болдог. Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалан Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын эрчүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх хүсэлтийг хүлээн авч, “Эрүүл Алтай” хөтөлбөрөө энэ онд “Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд” хэмээн нэрлэж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. 


Тус аймгийн Эрдэнэ сумаас хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөр Цогт, Цээл, Алтай, Бугат, Төгрөг сум, Баянтоорой тосгонд амжилттай хэрэгжиж, өнөөдрөөс эхлэн Тонхил суманд үзлэг оношилгоо, шинжилгээ, сургалт зөвлөгөө өгч ажиллаж байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хөтөлбөр хэрэгжүүлэх багийг Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа ахалж, эрэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйч, дүрс оношилгооны эмч нарыг Улаанбаатар хотоос урьж ажиллуулан, аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Сугар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт зохион байгуулж, Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч, дотрын эмч нар үзлэгийн багт хамтран ажиллаж байгаа юм.

Хөтөлбөр хоёрдугаар сарын 1-ний өдөр Шарга, 2, 3-ны өдөр Халиун, 2 дугаар сарын 4-ний өдөр Дарви суманд хэрэгжинэ. 

Холбоотой мэдээ