Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 70.8 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-30 13:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 29-ний өдрийн 20 цагийн байдлаар мэдээлэл цуглуулалтын явц улсын хэмжээнд 70.8 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй юм.


Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.


"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт ирэх сарын 2-ны өдрөөр дуусгавар болно.

Холбоотой мэдээ