“Avatar 2” тасалбарын борлуулалтаараа 7 дахь долоо хоногтоо тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-30 13:18:22

ВАШИНГТОН. /AP/. Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar: The Way of Water” уран сайхны кино Хойд Америкийн зах зээлээс өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 15.7 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг долоо дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ.


Ингэснээр “Avatar 2” нэгдүгээр ангийнхаа 2009 онд тогтоож байсан амжилтыг давтсан байна. Кино урлагийн сүүлийн 25 жилийн түүхэнд “Titanic”  уран сайхны кино 15 долоо хоногийн турш “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлсэн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд эдгээр гурван кино бүгд Ж.Кэмероны бүтээл юм.


“Avatar: The Way of Water” нь хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтад “Star Wars: The Force Awakens”-ийг гүйцэж түрүүлж дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн байна. Мөн уг жагсаалтын эхний дөрвөн байрт жагсаж буй кинонуудын гурвыг нь Ж.Кэмерон найруулжээ.


“Жеймс Кэмерон бүх дээд амжилт, түүхэн үзүүлэлтүүдийг шинэчилсээр байна, цаашид ч олон боломж нээлттэй хэвээр байна” гэж “Comscore” фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедян ярьж байна.


“Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “DreamWorks” компанийн бүтээл “Puss In Boots: The Last Wish” хүүхэлдэйн кино 10.6 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол түүний араас “Sony” компанийн инээдмийн, драм жанрын “A Man Called Otto” /6.8 сая/, “Universal” компанийн аймшгийн төрлийн “M3GAN” /6.4 сая/, мөн Энэтхэгийн “Pathaan” уран сайхны кино /5.9 сая/ тус тус жагсжээ.


Америкийн кино урлагийн академиас өнгөрсөн мягмар гарагт “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулсны дараа олон студи “Шилдэг кино” шагналын төлөө нэр дэвшиж буй кинонуудаа илүү олон кинотеатрын дэлгэцнээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, “Оскар”-ын хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшиж буй “Everything Everywhere All At Once” 1400 кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээр дахин нэг сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр дотоодын зах зээлээс 71 сая ам.долларын орлого олоод байна.


Түүнчлэн Америкийн найруулагч Стивен Спилбергийн бүтээл, “Оскар”-ын долоон шагналд нэр дэвшээд буй “The Fabelmans” Хойд Америкийн 1962 кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээр ахин 760 мянган ам.долларын орлого олжээ. Ийнхүү “Оскар”-ын шагнал гардуулах ёслолтой холбоотойгоор кинотеатрыг зорин үйлчлүүлэх үзэгчдийн тоо өсөх хандлага ойрын хэдэн долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна. Ёслолын арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 12-нд болох юм.


“Оскар”-ын наадмын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн уран бүтээлүүдийн эерэг нөлөөллийг бид нүдээр харж байна. Нэр дэвшсэн кинонуудынх нь тасалбарын борлуулалт нэмэгддэг үзэгдэл эргэн сэргэж байна. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ийм байдал ажиглагдаагүй шүү дээ. 2023 оны хувьд сүүлийн гурван жил гэхээсээ илүү 2019 онтой ойролцоо байх төлөвтэй байна. Энэ бол кинотеатруудын хувьд сайхан мэдээ. “Оскар”-т нэр дэвшсэн кинонуудын тасалбарын борлуулалт нэмэгдэж, Энэтхэг кино шилдэг тавд багтаж, “Avatar” дээд амжилтуудыг шинэчилсээр байна” гэж П.Дергарабедян ярьжээ. 

Холбоотой мэдээ