С.Баярцогт: Огцруулах асуудлыг хүлээж авах боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 14:05:48

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж хариу тайлбар хийлээ.

Үндсэн хуулийн цэц УИХ-ын нэг гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хөндөж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсны маргааш цэц ийм шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдсэн юм.   

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлэхдээ "Цэцийн дүгнэлт нь О.Баасанхүү гишүүний ярьж байгаатай адил байгаагүй. 10 сарын өмнөөс энэ асуудлыг иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар анх гаргаж тавьсан. Хамгийн сүүлд цэц уг асуудлаар энэ оны 9 дүгээр сарын 9-нд хуралдаж, дүгнэлтээ гаргасан" гэлээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт Засгийн газар цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл тарж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан аж. Энэ тухайд сайд С.Баярцогт, "Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёсчлон тэмдэглэх тухай асуудал бол 4 сарын өмнөөс ярьсан.Түүнээс цэцэд мөнгө төсөвлөсөн зүйлгүй. Ой тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны 8 дугаар сарын 28-нд гарсан. Зарцуулах хөрөнгийн нийт дүн 933 сая 960 мянган төгрөг. Уг ойг 2017 онд тэмдэглэх ба улс орны эдийн засаг хүнд байгаатай уялдуулж одоогийн байдлаар нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй" гэв.

Түүнчлэн О.Баасанхүү гишүүн “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьсан ба тухайн өдөр нь бүтэн сайн өдөр таарч байгаа юм байна. УИХ нэг ч удаа амралтын өдөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй гэдгийг сайд Г.Баярцогт энэ үеэр тодотгов.

Үүний зэрэгцээ тэрбээр албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг “Хүлээж авах боломжгүй” гэлээ. Учир нь ёс зүйн хувьд нийт иргэдээсээ уучлалт гуйж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр ажлаас халсан хүмүүсийн тухай асуудалд ЗГХЭГ холбогдолгүй. Гуравдугаарт, Засгийн газар, УИХ-ыг муу холбон ажиллаж байна гэсэн. Харин ч харьцааг нь сайн барьж ажиллаж байгаа” гэв.

Б.Туул 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд