Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-30 20:35:50

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.08.30/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй..”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо тус дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн заалт тус бүрээр нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцээд УИХ-аас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна хэмээн үзжээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд цэцийн дээрх шийдвэрийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болж, иргэн Р.Очирбал, Ц.Монгол нарын мэдээллийн дагуу Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэжээ.

Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “ ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын“хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 08 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт тус бүрээр нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.

Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн “172-178 дугаар зүйлд” гэснийг “172-176 дугаар зүйлд” гэж өөрчилсүгэй.”; Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “... 347.1.Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонссоноор уг асуудлыг хэлэлцэж дууслаа.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ