ӨВ СОЁЛ: Ө.Батжаргал: Өв тээгчдийн нийгмийн асуудалд анхаарч, соёлын өвийг уламжлуулан үлдээх ажлыг бодлогоор дэмжих хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-26 15:45:19
Өмнөговь /МОНЦАМЭ/  Монгол лимбэ хөгжмийн дэлхийд гайхагдсан нэгэн гайхамшиг бол битүү амьсгаагаар тоглох арга юм. Битүү амьсгаагаар тоглох гэдэг нь тасралтгүй үргэлжилсэн авиа гаргаж амны хөндийн амьсгаагаар үлээх үедээ хамраар дараагийн амьсгалыг авч цааш үргэлжлүүлэн тоглох үйл явц юм. Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулсан нэрт лимбэч, Гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, МУГЖ М.Дорж нар нь түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүс.
Энэхүү алдарт лимбэчдийн халааг өвлөн авсан лимбэч багш Д.Энхтайван, МУГЖ М.Бадам, Галсантогтох, Ө.Батжаргал зэрэг битүү амьсгаагаар лимбэдэх ардын уламжлалыг өвлөсөн эдгээр лимбэчдийн тоо эдүгээ гарын арван хуруунд багтахаар цөөхөн юм. Энэхүү өвийн залгамж халааг алдагдуулахгүй байх нь нэн чухал болоод байна. Говь нутагт лимбэ хөгжим ихэд түгэн дэлгэрч байсныг Говийн байгаль, түүхийн музейд хадгалагдаж байгаа хаш чулуун лимбэнээс харж болох юм. Монгол үндэстний эртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгд багтах энэхүү хаш лимбийг хаана хэзээ хийсэн, хэрхэн Монголын нутагт орж ирсэн талаар баримт нотолгоо, үүх түүх байдаггүй. Тухайн үед аймгийн Соёлын ордны лимбэчин байхдаа Ө.Батжаргал гуай 1960-аад онд бригадаар тоглолтоор явж байх үедээ Лувсан гуайтай биечлэн уулзах боломж олдож, лимбийг анх эгшиглүүлж байжээ. Түүнээс хойш соёлын биет болон биет бус өвийг сурталчлах хэд хэдэн үйл ажиллагаанд хаш лимбээр тоглосон байна.  Ингээд МУГЖ Ө.Батжаргалтай хөөрөлдсөнөө хүргэе.

- Сүүлийн үед тун зав муутай байгаа гэж байсан. Ямар ямар ажлуудыг амжуулж байна вэ?
- Аймгийн ахмадын хороогоо түшиглээд хүүхдүүдэд ерөөл магтаал, тууль хайлах мөн үндэсний хөгжмийн төрлүүд тэр дундаа лимбэ хөгжмийг голчлон зааж байна. Хүүхдүүдэд сургахын хажуугаар “Гурван сайхны уянга” гэж ахмадын үндэсний хөгжмийн хамтлагтаа хөгжмийн найруулгыг нь хариуцан ажилладаг. Өөрийн сурсан мэдсэн зүйлээ аль болох хойч үедээ сургаж үлдээх гэсэн их эрмэлзэлтэй ажиллаж байна.                                                                 --

Урлагийн салбарт ажил амьдралын гараагаа хэдий үеэс эхлэн холбосон бэ? 
- 10 дугаар ангиа төгсөөд л маргааш нь Соёлын ордонд орж шууд ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй 56 жил урлагийн салбарт ажиллаж, амьдарч өнгөрүүлжээ.

- Соёлын ордонд орохоос өмнө 10 жилд байхдаа үндэсний хөгжмөөр хичээллэж байсан уу? 
- Тийм ээ. 9-р ангид сурч байсан жил 1964 оны сүүл үед лимбэ хөгжимтэй Адъяа гэдэг хүүхдээр анх заалгаж лимбэ хөгжимд уруул хүрч байлаа. Түүнээс хойш ардын хэдэн дуунуудад лимбэ үлээх гэж оролддог байв. Харин 10 дугаар ангиа төгсөөд Соёлын ордонд орж Чулуундорж багшаар нот заалгаж, Дэчин багшаар битүү амьсгааны арга ухааныг анх заалган хөгжмийн их ертөнцөд хөл тавьж байлаа. Түүнээс хойш Ц.Загдсүрэн, Ш.Аюуш зэрэг хөгжмийн өндөр боловсрол мэдлэгтэй багш нараар хичээл заалгаж хөгжимчин болсон. Тухайн үеийн Соёлын ордон 17 уран бүтээлчтэй. Хүн бүр урлагийн төрлөөс 2-3-ыг эзэмшсэн байх ёстой байсан. Тиймээс гоцлол дуу, морин хуур, эвэр бүрээ, бишгүүр гээд бусад хөгжмийн төрлүүд, жүжгийн төрөл, ерөөл магтаал гээд сураагүй төрөл байхгүй. бүх төрлөөр нь ажиллаж байлаа.

- Таны төрж өссөн нутаг? Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
- Би Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул хүн. Ээж, ах, нагац ах нарынхаа хамт хайр халамжид нь өсөн торниж сумандаа бага боловсролыг эзэмшиж Өмнөговь аймгийн 10 жилийн сургуульд 10 дугаар ангиа төгссөн.

- Өмнөговь аймгийн хувьд үе дамжин өвлөгдөн ирсэн үндэсний урлагийн ямар төрлийн өв байна?       
- Эрдэм шинжилгээний хэл судлалын хүрээлэнгээс манай говь нутгаас сурвалжлан олсон 17 гаруй төрлийн халх тууль байдаг юм байна.  Ноён, Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Цогтцэций, Булган зэрэг сумаар 1960-1980-иад оны үед явж олж илрүүлэн фондод хадгалуулж байсан. Үүнийг дахин сэргээж нутаг орондоо үлдээх, уламжлуулах ажлыг сүүлийн 2, 3 жилийн хугацаанд хийж байна. Энэ туулиуд нь 10 минутаас эхлээд 2 цаг шахам хугацаагаар хэлдэг халх тууль байгаа юм.

- Хэл судлалын хүрээлэнгийн фондод ямар ямар нэртэй туулиуд хадгалагдаж байсан вэ?
- Алтан Егүдэр хаан, Шилэн галзуу баатар, Бумсайн Эрдэнэ, Алиа түмэн хаан зэрэг тууль дээр ажиллаж байна. 
=


- Үндэсний хөгжмийн зэмсгүүд дотроос лимбэ хөгжмийн талаар чухалчлан яръя. Таны хувьд лимбэний битүү амьгаагаар тоглодог цөөхөн өв тээгчдийн нэг. Танай удамд авьяастнууд байв уу?
-Манай дээд өвөг дээдсийн үед нагац ах Өлзий, Даржаа гээд лам хүмүүс байсан. Тэд хурал номынхоо газар бүрээ, бишгүүр үлээдэг хүмүүс байжээ. Миний төрсөн ах Жаалхүү их сайхан дуулдаг хүн байсан. Дуучин хүний удамтай. Лимбэ хөгжмийн анхны багш гэвэл дээр хэлсэн Л.Адьяа гэж. Надаас дүү ангийн хүүхэд байсан ч лимбэ хөгжмийг эзэмшсэн хүүхэд байсан.С.Чулуундорж багшаар нот заалгаж Манлай сумын харьяат Г.Дэчин гэдэг ахмад хөгжимчин байлаа. Тэр хүн 1931 онд манай аймагт үлгэр жишээ Улаан гэр гэж байгуулахад дуугүй киноны механикчаар ажиллаж байсан ч хөгжмийн их өргөн мэдлэгтэй олонд танигдсан хүн байсан. Энэ хүнээс битүү амьсгааг заалгаж авсан. Ер нь бол тун их хичээл зүтгэл чармайлтаар баяжуулан сурдаг л зүйл дээ. Дэчин багш их дуу заагаагүй. Говийн өндөр дуун дээр анх зааж өгсөн. Өөрөө болохоор "Дөрвөн цаг" дууг тоглодог намайг хараад дагаад сураарай гэдэг байв. Одоогоор би энэ дууг тоглох дуртай. Багшийнхаа тоглодог байснаар нь яг сурч авч үлдэж чадсан.

- Лимбэний битүү амьсгаагаар тоглох гэж юуг хэлж байна вэ? 
- Хүний жирийн амьсгааны жирийн зохицлыг эвдэж байгаа үйл явц гэж хэлж болно. Хүн амьсгаа аваад бие эрхтэндээ хэрэглэж дуусаад гаргачихаад дахиад авдаг бол битүү амьсгааны хувьд авах, гаргах үйлдлийг зэрэг хийдэг. Амаараа үлээж байхад хамраараа амьсгаагаа зэрэг аваад амьсгалаа нөхөж байдаг амьсгааны урлаг юм даа.

Залгамж халаагаа бэлдэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
- Би морин хуур, үлээвэр хөгжим, лимбэ хөгжмийн 1000 гаруй шавь нартай. Сүүлийн үед бусад үндэсний хөгжмийн төрлүүдээр зааж чадахгүй болоод байна. Нас өндөр болоод лимбэ хөгжмөөрөө дагнан зааж сургаж байгаа. 



- Битүү амьсгааны урлагаар тоглодог өв тээгчид их ховор байх?
- Миний мэдэхийн Цэрэндорж гуай, М.Дорж, Шарав зэрэг мундаг хүмүүс байсан. Эдгээр хүмүүстээ хот болон бригадаар явж байхдаа таарч зөвлөгөө авч байлаа. Дараагаар нь Маам гэж Хэнтий аймгийн гарлын хүн байсан. 1968 онд энэ алдартай хүний лимбэ тоглож байхыг харж байлаа. Түүнээс хойш миний үеийн хөгжимчид гэвэл Бадам, Энхтайван, хөдөө орон нутагт гэвэл Дорноговийн Нацагдорж, Баянхонгорын Юндэнбат, миний бие гээд залгаа 3 аймгийн лимбэчид байна. Ер бол цөөхөн дөө. Яахав сүүлийн үед СУИС-иас олон авьяастай хүүхдүүд гарч л байна. 2016 онд битүү амьсгааг ЮНЕСКО-д бүртгүүлээд 21 аймгийн хэмжээнд 10 газар сургалтын төв нээсэн. Дараагаар нь 21 аймгийн хэмжээнд сургасан шавь нарынхаа дунд улсын уралдаан зохион байгуулж миний шавь Цогт-Овоо сумын Б.Энхжин түрүүлсэн. 

- Нутаг нутгаас өвлөгдөж ирсэн үндэсний хөгжмийн төрлүүдэд тухайн бүс нутгийн байгаль, цаг уур, хүн зон олны зан төлөвийг илэрхийлсэн хөг аяс байх шиг санагддаг?
- Тийм тал бий. Уламжлагдан ирсэн ардын дуу, тууль, морин хуурын татлага зэрэгт ажиглагдаж байдаг. Жишээ татахад манайд бол морин хуур гэхэд үндсэн хоёр татлагатай. Даланзадгад орчмоор хуучнаар бол Балдан засгийн хошуу, Ёст бэлийн хошуунуудаар их тайван намуухан алхуулж яваа морины хөг аяыг илэрхийлж байх шиг зөөлөн татлагатай байдаг. Харин Говь түшээ гүний хошуу болоод зүүн талдаа болоод ирэхээр сэргэлэн цовоо цойлсон хурдан татлагатай. Залуу байхад бригадаар 2 сар гаруй хугацаанд бусад аймгийн нутгуудаар явна. Говийнхоо цэлгэр талаа их үгүйлнэ. Нутгаа санана, нутгийн зах руу ойртоход сэтгэл их гэгэлзэнэ. Энэ мэтээс үндэслээд харахад нутаг нутгийн онцлог уран бүтээлд нь шингэдэг. Хүний сэтгэлээс л бүгд урган гарч байдаг шүү дээ.

- Урлагийн бригад гэж жинхэнэ малчны хотонд хүрч урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, уран бүтээлчид өөрсдөө ч олон талаасаа хөгжин дэвжиж байжээ. Монгол Улсын өнцөг булан бүрт л явж байж. Энэ талаар та юу гэж боддог вэ?
- Тэгэлгүй яахав. Социализмын үед чинь соёлын яамнаас нарийн график гаргадаг байв. Энэ жил Өмнөговь аймгийн уран бүтээлчид Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад явна шүү гэнэ. Тухайн аймгууд хүлээн авахдаа их учиртай. Манай хөдөөгийн алслагдсан сумдын малчдын 70 хувьд нь хүрч урлаг соёлын ажлыг хүргэсэн бол аймгийн төвд 3 хоног тоглох эрхтэй болно гэдэг. Бид малчдын гэрт нь, хотонд нь, хонины бэлчээрт нь хүртэл очиж тоглоно. Хэрвээ тоглохгүй яваад өгвөл аль хэдийнэ дээшээ мэдээлчихсэн сонин, радиогоор шүүж явж байх жишээтэй.

- Энэ нь соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн үлдээхэд их хэрэгтэй бодлого байжээ. Уран бүтээлчид бригадаар аймгуудаар явж өөрийн нутгийн соёлын өвийн онцлогийг харуулахаас гадна буцаад тухайн нутгийнхаа өв уламжлалаас суралцаж туршлага судладаг байсан байх?
- Бригадаар явж байгаа уран бүтээлчид тухайн аймгийнхаа хөдөөгийн малчин иргэдэд уран бүтээлээ хүргээд төгсгөлд нь уран бүтээлчидтэй нь заавал хамтран нэгдсэн урлагийн тоглолт хийдэг байлаа. Тэгж байж нэг нэгнээсээ их юм сурч танил нөхөд болдог байсан юм. Ийм л эргэх холбоотой их нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байж. Энэ бригадаар явдаг байсан үйл ажиллагааг одоо сэргээн явуулах нь их зүгээр гэж боддог. Энэ цаг үед алслагдсан сумын малчдад урлаг соёлоор үйлчлэх ажил байхгүй болсон. Ядаж хилийн заставуудад улиралд нэг хүрч ажилладаг болмоор байгаа юм.

- Соёлын өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр танд санаа зовинол байдаг уу?
- Ер нь соёлын өвийн талаар 60, 70-иад оны үед нээх ярьдаггүй байсан. Анх Бадраа гуай язгуур урлаг гэдэг гэр томъёог гарган ирж 1983 онд энэ чиглэлээр наадам зохион явуулж байв. Энэ үеэс л эхлэлтэй. Энэхүү язгуур урлагийн наадам 5 жилийн хугацаатай уламжлагдан зохион явуулсаар өв соёл гэдэг зүйлийг ойлгуулсан болов уу? Биет бус өв гэдэг нь эзэнтэйгээ устаж үгүй болдог гэдгийг ойлгож ЮНЕСКО-д бүртгүүлье гээд ажлууд эрчимжсэн. Сүүлийн үед энэ талын ажлууд их хүртээмжтэй, өргөн цар хүртээтэй хийх болсон нь сайшаалтай.
Гэхдээ өв тээгч нарын нийгмийн асуудалд анхаарах залгамж халаагаа бэлдэх, өвийг өвлүүлэн үлдээх ажлыг улам эрчимжүүлж тодорхой чиглэлүүдэд бодлогоор дэмжих хэрэгтэй санагддаг. Жишээ нь үндэсний хөгжмийн сургалтыг зохион явуулах стандарт хангасан байр байдаггүй, хэрэглэгдэхүүн дутагдалтай, цалин хангамж байхгүй гээд асуудлууд байдаг. Үндэсний үнэт өвийг тээгч нар улам л цөөрөөд байна. 2016 онд улсын бүртгэлд 87 дахь өв тээгчээр бүртгэгдсэн хүн нь би юм. Энэ хооронд хэчнээн нь мөнх бусыг үзүүлснийг мэдэхгүй. Аймгийн хувьд соёлын өв тээгч 4 хүн л байдаг. Мөнхжаргал, Давгасамба ерөөлч, Хүүхэндүү гээд аман хуур татдаг хүн байдаг. Өмнөговь аймгаас өв тээгч нарынхаа эрүүл мэндэд анхаарч бүх биеийн үзлэг оношилгоонд хамруулж, өв тээгчээрээ бүртгэж авах ажлыг хийсэн. Улсаас жилд нэг өв тээгчид мөнгөн урамшуулал олгодог болсон. Гэхдээ энэ нь тийм хангалттай биш юм.

-Таны хувд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
- Миний хувьд ахмадынхаа өргөөний хонгилын нэг өрөөнд хичээлээ явуулж байна. 4-5 хүүхэдтэй зэрэг ажиллах үед өрөө тасалгаа их хэрэг болно. Хажуу өрөөнүүдээ гуйна. Тэр бүр олдохгүй. Яахав ахмадуудтайгаа хамтарч ажиллаж байгаа болохоор эндээ аргалаад явж байна. Ер нь бол дуу чимээ шингээдэг зориулалтын өрөө хэрэгтэй болно. Одоогоор лимбэ хөгжмөөр тогтмол хичээллэж байгаа 10 гаруй хүүхэд байгаа юм.
Лимбэ хөгжим сурч байгаа хүүхдүүдэд өөрийн хөгжимгүй байгаа нь асуудал болдог. Сургалт дээр ирээд миний хөгжим дээр заалгаад явдаг. Өөрийн хөгжимтэй болоод ир гэхээр цөөхөн хэд нь хөгжимтэй болоод ирнэ. Ихэнх нь чаддаггүй зарим нь бүр ирдэггүй. Гайгүй сонсгол сайтай авьяастай, цаашид хөгжих бүрэн чадвартай хүүхдүүд ирдэг. Араас нь хөөцөлдөөд холбогдохоор хөгжим авч чадахгүй байна гэнэ. Аргагүй юм. Нэг хөгжмийн үнэ 450.000-500.000 мянган төгрөгийн үнэтэй байдаг шүү дээ. Хүүхэд нь анх суралцаж байгаа цаашид хэрхэн сайн суралцах нь тодорхойгүй байхад шууд мөнгө гаргаад авахад хэцүү байдаг байх, нөгөө талаасаа бас харьцангуй үнэтэй л дээ. Энэ мэтээр авьяастай хүүхэд хөгжихгүй үлдэх вий гэж их бодох юм. Үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх ажлыг хийж л байгаа бол цар хүрээтэй бодлогын ажлуудыг хийх л хэрэгтэй болов уу.

- Урлаг соёлын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулж үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх ажилд чин сэтгэлээ зориулан яваа хүн. Та говь нутагтаа үндэсний хөгжмийн зэмсгийн энэ л төрлийг дархлаа болгоод үлдээх юмсан гэдэг чандын хүсэл эрмэлзэл байдаг уу?
-Тийм ээ. Ерөөл, магтаалыг аялгуулж хэлэх нь манай нутгийн гол хэлбэр. Миний мэдэхийн 1960-аад оноос хойш л Өмнөговь аймгийн ерөөлчид бүх наадмын түрүүг авч манлайлсаар ирсэн. Мөн морин хуурын татлагууд, битүү амьсгаа, төмөр хуур, хулсан хуурын татлагууд, халх тууль гээд манай нутгийн биет бус өвийн хойш тавьж үл болох чухал үнэт зүйлүүд байна. Хойшид заавал өвлүүлж үлдээх өв юм. Эдгээр өвүүдийг чиглэл чиглэлээр нь эзэнжүүлээд залгамж халааг бэлтгэх ажил хийж байгаад их баяртай байгаа. Ерөөл, магтаалыг манай ерөөлч Мөнхжаргал, Морин хуурын татлагуудыг морин хуурч Мөнхбаяр маань шавь нарын хамтаар, лимбэний битүү амьсгааг миний бие хариуцаад сургаж байна. Охин маань бас лимбэчин мөн зааж сургаж яваа. Хүүхэндүү гуай төмөр хуурын татлагыг өвлүүлж байгаа гээд хүн бүр дор дороо чадлаараа хичээж л явна. Миний гол санаа бодол минь эдгээр соёлын биет бус өвүүд бүгд өвлөгдөн үлдэж байвал болж байна хэмээн бодож явдаг.


- Үндэсний хөгжмийг тоглоход, ялангуяа битүү амьсгаагаар лимбэ тоглоход гадаадныхан болон монголчуудын хүлээж авч байгаа ялгаа нь хэр байдаг вэ?
- Ялгаа бас их харагддаг. Гадныхан илүү ойлгож битүү амьсгааг ялгаж сонсож чаддаг, тоглоод эхлэхэд цагаа хараад дуусахад өдий минут боллоо. Гайхалтай гээд л сайшаана.

- Үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, өвлүүлэн хадгалах эрхэм зорилгын чигт сайхан ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе?
-Эрт дээр үеэс эцэг өвгөдөөс энэ орон нутагтаа хүн зон олныхоо дунд уламжлагдан ирсэн соёлын биет бус өвийг тээж байгаа, суралцаж байгаа та бүхэн минь эрүүл энх байж түвшин амгалан байх болтугай. Үр хүүхэд, хойч үедээ соёлын өвөө залгамж халаа болгон үлдээх ариун үйл хэрэг нь гэгээн тунгалаг байг. Мөн монгол үндэстнийхээ бүх авьяас билэгт лимбэчдэдээ амар мэндийг хүргээд лимбэний минь дуу мөнхөд уянгалж байх болтугай гэж ерөөе.
                                                                                                                                                                                                        -Танд эрүүл энхийг ерөөе. Баярлалаа
Холбоотой мэдээ