ӨВӨРХАНГАЙ: Хүн амынхаа тоог нэмэгдүүлэх "Нээлтэй Өвөрхангай" хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-21 12:51:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтыг хэрэгжүүлэхээр “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулаад байна.

Хөтөлбөрийг танилцуулах хэлэлцүүлгийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд С.Халтар болон аймаг, сумдын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллага, бизнесийн салбар, иргэдийн төлөөлөл оролцон санал сэтгэгдлээ илэрхийллээ.




Өвөрхангай аймаг эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийг эрчимжүүлж, иргэдийг орон  нутагт ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх замаар аймгийн хүн амыг арваас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна. Сүүлийн 10 жилд Өвөрхангай аймгаас 40 мянгаад хүн Улаанбаатар руу шилжжээ. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн салалт, амьдрах орчин нөхцөл нь иргэдийн Улаанбаатар руу шилжих шалтгаан болдог аж.


Гэвч шилжсэн иргэдийн дийлэнх хувь нь аймаг, орон нутагтаа буцан ирэх хүсэлтэй байгааг судалгаагаар гаргажээ. Орон нутаг руу шилжин ирэх хүсэлтэй иргэдэд бичиг баримт бүрдүүлэх, ажлын байр олох, амьдрах орчноо бүрдүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна.

Иймд хотоос шилжин ирэх хүсэлтэй иргэдийнхээ ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг илүү сайжруулах, төрийн үйлчилгээг чанаржуулах, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулсан юм.



Хөтөлбөрт;

- Аймгийн “Аялал жуулчлалын брэндинг”-ийн судалгааг гаргаж, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх;

- Хөрөнгө оруулалтын форум, чуулганыг нийслэл болон орон нутагт зохион байгуулах;

- Газар олголтын үйл ажиллагааг ил тод болгож, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, газар тариалан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газрыг хүртээмжтэй төлөвлөх;

- Арвайхээр хотод 500 тоннын хүчин чадалтай төмс, хүнсний ногооны зоорь, сумдад түүхий эдийн хөргүүртэй зоорь байгуулж, түүхий эд бэлтгэлийн анхан шатны тордолт бүхий цэг байгуулах;

- Эрчимжсэн аж ахуйг дэмжиж, малжуулах төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.


“Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа онцлог, давуу талыг сурталчилсан уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөгийг бүх аймаг, нийслэлд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Холбоотой мэдээ