Б.Анхбаяр: Үндсэн зурлагаа төгс эзэмшсэн цагт монгол хүний оюуны өв соёлыг хадгалсан бүтээл гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-20 13:20:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2022“ улсын уралдааны шилдгүүд 26 дахь жилдээ тодорлоо.


Уралдааны шилдэг бүтээлүүдээр Монголын Уран зургийн галерейд үзэсгэлэн нээсэн юм. Энэ үеэр “Сайхан бичигтэн анги” ангилалд нэгдүгээр байр эзэлсэн  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаяраас дараах асуултад хариулт авав.

 

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд хэд дэх жилдээ оролцож байна. Ямар ямар амжилт үзүүлж байв?

 

-Энэхүү уралдаанд 2017 оноос оролцож, нийт 36 аварга шавь төрүүлсэндээ баяртай байна. Энэ удаа бэлтгэсэн 11-ийн ”д” ангийн сурагчид маань гурав дахь жилдээ оролцож байна. Эхний жил гутгаар байр, удаах жил нь дэд байрт шалгарч байсан бол энэ жил 26 дахь уралдаандаа тэргүүн байр эзэллээ.   

 

-Хүүхдүүд үндэсний бичгээ сурах сонирхол хэр байна вэ. Ангиараа оролцож байгаа болохоор шантрах зүйл гарч байв уу?

 -Анх 2017 онд ангиа дааж авч хичээл заагч багш нь болсон. Тэр үед ангийн сурагчдаасаа үндэсний бичгийн хичээлээр шалгалт авахад үсгээ 60 хувь мэддэг нэг хүүхэд, бусад нь мэддэггүй байсан. Тэгэхээр нь үндэсний бичгээ эзний ёсоор сургах, зүрх сэтгэлд нь мэдрүүлэх ёстой юм байна гээд сурагчидтайгаа ярилцан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд бэлтгэх өндөр зорилт тавьсан.

Тэр хугацаанд баяртай, нус нулимстай, урам хайрласан, ташуур өгсөн гээд олон жил бидний ард үлджээ. Түүнд хүүхдүүд маань шантрахгүй оролцож байна. Бичвэрийн төрөл бол багаараа ажилладаг, нэг хүнээс 30 гаруй хүний хөдөлмөр хамаардаг учир хүүхдүүд маш их хичээдэг, бүтээлчээр сурдаг. Зөвхөн сайхан бичих биш бичвэрийг монгол хүний ёсоор нэг мм ч алдахгүй урладаг. Энэ нь цаашлаад үндсэрхэг үзэл, үндэсний дархлаа нь тогтсон иргэн болон төлөвшихөд нөлөөлөх юм.

 

-Энэ удаагийн уралдаанд та бүхэн ямар бүтээлээр оролцов?

-Энэ удаад их бэлгэшээлтэй. Анхны жил тэргүүн байр эзлэхдээ Бэгзийн Явуухулангийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлэг, хоёр дахь дэд байрын шагнал хүртэхдээ  Бямбын Ринчингийн “Монгол хэл” шүлэг, энэ жил Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Т.Галсангийн “Монгол хүний зүрхний бичээс” хэмээх агуу сайхан шүлгийг бичиж оролцож байна.

 

-Хэчнээн сурагч хамтарч хэдий хугацаанд бүтээв?

 -Нийт 34 хүүхэд 40 хуудастай бүтээлийг хамтран бичлээ. Бүтээлээ бичихдээ гурван сарын хугацаанд удирдамжид бичсэн сэдвийн дагуу судалсан. Эх зохиолч маань 90 нас зооглож буй бичгийн их хүмүүн. Тиймээс ихэд сүрдэж, эмээж өөртэй нь холбогдож эх шүлгийг нь авч үндэсний бичгээрээ алдаа мадаггүй бичиж бүтээл болгож гаргахын тулд маш их хичээсэн.

 

-Монгол бичгийг хичээнгүйлэн сурч буй бусад сурагчдад туршлагаасаа хуваалцана уу?

-Аливаа зүйл хүний сэтгэлд эхлээд багтах ёстой, сэтгэлээ хураах ёстой. Энэхүү бичвэр миний цусанд, зүрхэнд, оюунд байгаа гэдгийг мэдрэх ёстой. Тэгсэн цагт монгол хүн үндэсний бичгээ сурахгүйн зовлон байхгүй. Тухайн зүйлийг робот шиг хуулаад бичих биш, зураг шиг зурах биш бичвэрийн үндсэн зурлагаа төгс эзэмшихийн цагт тэрхүү бичвэр маань монгол хүний оюуны өв соёлыг хадгалсан бүтээл болон гарна.

 

-Хөвсгөл аймгаас багш, сурагчид жил бүр энэхүү уралдаанд идэвхтэй түүчээлэн оролцдог. Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлнө. Монгол бичгийн багш нарын ур чадвар үүнд нөлөөлж буй нь дамжиггүй?

-Тэгэлгүй яахав. Манай Хөвсгөл аймаг үндэсний бичиг соёлоо бусад аймаг, улсдаа түгээн дэлгэрүүлж буй үлгэр жишээ аймаг. Аймгийн Боловсрол соёлын газар, багш нар шавь нараа энэхүү уралдаанд жил бүр сэтгэл догдлон хүлээж байж оролцуулдаг. Энэ жилийн хувьд уралдаанд 2000-аад сурагч, 150 багш оролцлоо.

 

Мөн энэ үеэр тус уралдааны шилдгүүдийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

 

Уралдааны хамгийн бяцхан оролцогч нийслэлийн Сүхбаатар дүүргийн 131-р сургуулийн 2 ”а” ангийн сурагч Ж.Ундрал: Ийм бүтээлийн уралдаан байдаг юм байна гээд оролцохыг ээж маань зөвлөсөн. Тоглоомын хайлдаг шүрээр эхлээд дуртай гүнжүүдээ хийж чимэглэе гээд дуусахад нийт 12 гүнж болсон. Тэгэхээр нь ээжтэйгээ ярилцаад 12 цаг байдаг болохоор дотор талд нь монгол тоо бичсэн. Хайлдаг шүр байрлуулаад, нимгэн цаас тавьж индүүдэн эсгийн дээр “Цаг” бүтээлээ урласан юм. Ээж, эмээ, ах маань тусалж нэг сарын хугацаанд хийсэн.

 1-7 дугаар ангийн сурагчдын ангилалд нэгдүгээр байр эзэлсэн НЕБ-ын 1-р сургуулийн 7-гийн ”е” ангийн сурагч Э.Дариймаа: Монгол бичгийг зургаадугаар ангиасаа эхлэн сурч байна. Монголчууд 9 эрдэнийг дээдэлдэг болохоор түүнийг бүтээлдээ гаргахаар зорьсон.  Алтан эрдэнийн орон гэсэн бичвэрийг дор хаяж 20 цаасан дээр бичсэн. Нэг алдаа гаргахад дахин бичнэ гэсээр нэлээн удсан. Монгол хүн учраас эх хэлээ сайн мэдэх ёстой. Хаана ч очсон гэсэн бахархах зүйлтэй байх ёстой учраас монгол бичгээ сайн сурахыг найз нартаа  уриалж байна.

 

12-р ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын 4-р сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч Б.Билгүүнсаран: “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцохын тулд би хичээлээсээ чөлөө авч Улаанбаатар хотод ирж каллиграфийн багш Б.Алтантуяа багшийн дугуйланд суралцсан. Монгол хэл, уран зохиолын багш болох мөрөөдөлтэй байсан болохоор сүүлийн 6 сарын хугацаанд энэхүү бүтээлээрээ тэргүүн байр эзэлж МУБИС-д урилгаар суралцах болсондоо маш их баяртай байна. Өөртөө итгэхгүй байсан ч амжилтад хүрч шагналаа аваад итгэлээ. Шагналаа авах гэж хоног тоолон хүлээсэн. 

Холбоотой мэдээ