АРХАНГАЙ: Тариат сум энэ жил 350 иргэнийг татаж авахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-16 15:59:43

Архангай /МОНЦАМЭ/. “Хот хөдөөгийн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Архангай аймаг нийт 9600 иргэнээ татаж авахаар төлөвлөгөө боловсруулсан. Дээрх иргэдийг харьяаллаар нь сум бүрт тодорхой тоогоор хуваарилсан ба Тариат сумын тухайд 800 орчим хүн татан авах чиглэлтэй.


Тариат сумын удирдлагууд орон нутгийн онцлог, нөөц, ажлын байр зэрэг боломжуудаа судлаад энэ онд эхний ээлжинд 350 иргэн авах боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Ажлын байрны нөхцөл байдлаа судалж, 26 ажил, үйлчилгээний цэг гарах нь гэсэн төсөөлөл гаргасан байна.


Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд тус сум иргэдээ татан авахын тулд хоёр жилээр газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгож, орон нутагт шилжин ирэх иргэдээ дэмжих бодлого барих аж.


Сумын Засаг дарга Б.Буяннэмэх орон нутагтаа ирэх иргэдийн санал ирж байгааг хэлж байв. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь бэлэн ажлын байранд мэргэжлийн ажлаа хийх санал тавьж байгаа аж. Томоохон үйлчилгээний төв ажиллуулах саналууд ч мөн ирж байгаа учраас нэлээд судалгаа тооцоотой хандах болж байгаа тухай дурдав.


Тариат сум нь аймгийн төвөөс 170 км, Улаанбаатар хотоос 620 км зайтай юм. 

Холбоотой мэдээ