Шинэ ургац гарах үеэр гэдэсний хямрал ихэсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-08-30 13:00:22

Ховдын нутгийн тариаланчдын ургуулсан тарвас, улаан лооль, төрөл бүрийн хүнсний ногоо нүд эрээлжлүүлж байна.

Харин шинэ ургацын ногоо идээд хордлого, гэдэсний суулгалт өвчин гарлаа гэх яриа жилийн жилийн намар иргэдийн дунд  гардаг. Тэгээд ч  аймгийн хүүхдийн эмнэлэгт гэдэс нь гүйлгэж, хордлого авсан хүүхдийн дуудлага ихэсч, хөгшчүүл ходоод гэдэс нь хямарч, өвчин хууч нь сэдэрдэг нь гэм биш зан болоод байна.   

Шинэ ургацын ногоонд  мэргэжлийн байгууллагуудын хийсэн лабораторийн шинжилгээ жимс, хүнсний ногооноос ямар нэгэн өвчин үүсгэгч илэрлээ гэсэн дүгнэлт гардаггүй нь хачирхалтай.

Саяхан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Хүнсний “Хан орд” зах дээр худалдаалагдаж байгаа шинэ ургацын жимс, хүнсний ногооны 11 нэр төрлийн 135 бүтээгдэхүүнээс дээж авч 8 үзүүлэлтээр шинжилгээнд оруулахад иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн химийн гаралтай бодис илрээгүй болох нь тогтоогджээ.

Гэдэсний суулгалт, хордлогоор ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа ба Хүүхдийн тасагт  энэ оны  оны 08-р сарын сүүлийн байдлаар  30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн  0-2 насны 16  хүүхэд “Гэдэсний суулгалт” гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

БОЭТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн 103-д өдөрт дунджаар 30 орчим дуудлага ирж байгаагийн  20 хувь  нь  хордлогын дуудлага  байгаа ч үүнийг  хэвийн үзэгдэл  мэт  үзэж байна.

Гэдэсний суулгалт, хордлого зэрэг нь дан ганц шинэ ургацын ногооноос шалтгаалж байгаа бус иргэд худалдан авч буй жимс жимсгэнээ угааж цэвэрлэхгүйгээр шууд хэрэглэх, бусад хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, хэрэглээндээ хайнга хандсантай холбоотой хэмээн мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж  байна. 

Гэтэл хаврын тариалалтад Баруун хилийн Булган боомтоор хувь хүмүүс  хятадаас хяналтгүй химийн бодис /нитрит/  оруулж ирж зардаг, түүнийг  хүнсний ногоо тарихад ашигладаг болохыг мэргэжлийн агрономич ярьж байсан.

Тэрээр маш эрт ургац авч байгаа ногоонд нитрит бодис хэрэглэсэн байх нь их. Ингэхдээ зохих тун хэмжээг тааруулж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаггүй, зөвхөн ам дамжсан яриагаар хэтрүүлэн хэрэглэж байгаа нь ходоос гэдэс хямрах, улмаар хавдар үүсгэгч илэрч болзошгүй гэдгийг сэрэмжлүүлж байсан юм.

Жилийн дөрвөн улирлын удтал хүлээдэг намар Ховдын жимс ногооны амтыг хүртэх гэж хүн бүр тэсэн ядан хүлээж, хол ойрынхон ч бас зорин ирдэг юм.

Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд тарьж ургуулсан ногоонд шинжилгээ хийгээд өнгөрөх бус, хавар тариаланчид ямар бодисыг ямар тунгаар яаж газар тариаланд хэрэглэж байна вэ гэдэгт хяналт тавих цаг болжээ.

Хэдийгээр ногоо тарих нь бизнес боловч, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, зөвхөн ашиг олохын төлөө их хэмжээний химийн бодис хэрэглэж байгаагийн цаана хүний амьд явах эрх зөрчигдөж байна гэдгийг ойлгуулах төрийн бодлого үгүйлэгдэж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ