Щетининий үхлийн шалтгааныг сайтар мөрдөн шалгахыг Украинд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-08-30 12:42:40

ВЕНА. /TASS/. Оросын сэтгүүлч Александр Щетининий үхэлтэй холбогдуулан мөрдлөг явуулахыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хэвлэлийн төлөөлөгч Дунья Миятович Украины эрх баригчдад уриалжээ.

“Энэ эмгэнэлт явдал үүссэн нөхцөл байдлыг сайтар шалгах ёстой. Түүний үхэл бол хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд том гарз хохирол бөгөөд талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Миятович хэлсэн байна.

8 дугаар сарын 28-нд “Новый Регион” мэдээллийн агентлагийг үүсгэн байгуулагч Оросын сэтгүүлч Александр Щетинин 2004 оноос хойш амьдарч байсан Киев дэх өөрийн байрандаа нас барсан байсан бөгөөд түүний биед бууны сум туссан байжээ.

Украины цагдаа нар үүнийг санаатай аллага уу, эсвэл амиа хорлолт уу гэдгийг эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ