ХЭНТИЙ: Отрын бүс нутагт мялзан өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-01-16 15:12:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Отрын бүс нутаг Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд болон Баянхутаг, Мөрөн суманд бог малын мялзан өвчин гарсан тул дээрх бүсэд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Тодруулбал, Баянхутаг суманд 13 толгой мал мялзан өвчнөөр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдож, устгалд оруулсан бөгөөд үүнтэй холбогдуулан голомт, сэжигтэй бүсийн долоон өрхийн 6471 толгой малд үзлэг хийж, 10 өрхийн хашаа хороонд халдваргүйтгэл хийсэн аж.
Мөрөн суманд 25 толгой мал өвчилж устгалд оруулсан бөгөөд голомт, сэжигтэй бүсийн долоон өрхийн 7160 толгой малд үзлэг хийж, 2.1 мянган м/кв талбайд халдваргүйтгэл хийжээ. Харин Дэлгэрхаан суманд 130 ямаа хорогдож, 20 ямаанаас шинж тэмдэг илэрсэн тул 130 ямааг устгалд оруулж, 50 өрхийн 37.8 мянган малд үзлэг хийгээд байна.
Отрын бүс нутаг болох тус суманд байнгын хоёр пост ажиллаж байгаа юм. Өвчлөл гарсан сумдад халдваргүйтгэлийн хоёр төрлийн 33 кг бодис, нэг удаагийн халдвар хамгааллын 15 ширхэг хувцас олгоод байгаа талаар аймгийн Онцгой комиссын хурлаар Мал эмнэлгийн газрын дарга М.Анхбаяр мэдээллээ.

Бог малын мялзан (БММ) өвчнөөр бог малаас гадна бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг нэлээд хэдэн төрлийн зэрлэг амьтад өвчлөх боломжтой аж.
Холбоотой мэдээ