Иранд С-300 цогцолбор нийлүүлж байгаад АНУ түгшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-08-30 12:33:47

ВАШИНГТОН. /TASS/. Орос улс С-300 зенитийн пуужингийн цогцолбороо Иранд нийлүүлж байгаатай холбоотойгоор АНУ өөрийн түнш орнуудтайгаа энэ талаар зөвлөлдөнө гэж Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби мэдэгдлээ.

С-300-гийн талаарх шинэ мэдээлэл ирэх бүрт бид өөрийн гадаад дахь түншүүдтэйгээ асуудлыг сайтар зөвлөлдөн хэлэлцэнэ гэж тэрбээр дурдсан байна.

Харин 26-ны өдөр Женев хотод болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалтын үеэр С-300-тай холбоотой асуудлыг хөндөөгүй гэдгийг Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч дурджээ. Уг уулзалтын үеэр Сирийн хямрал, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн байдлыг хэлэлцсэн аж.

Гэхдээ Жон Керри-гийн хувьд, Иранд С-300 цогцолборыг нийлүүлж буй асуудлаар өөрийн байр суурийг урьд өмнө нь С.Лавровт тун ойлгомжтойгоор байдлаар илэрхийлсэн гэдгийг Ж.Кирби дурдсан байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Иранд С-300 зэрэг цогцолборуудыг байрлуулж байгаад бид сэтгэл түгшиж байна. Иранд ийм төрлийн зэвсэг нийлүүлэхийг бид өмнө нь эсэргүүцэж байсан” гэлээ. 

Ираны цөмийн объектуудын нэг болох Форду-гийн ойролцоо орших агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчний "Хатам аль-Анбия" гэдэг баазад С-300-г байрлуулж байгаа бололтой. Өнгөрсөн ням гарагт Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи тус баазын командлагчтай уулзахдаа “С-300 бол давшилтын зэвсэг биш, цэвэр хамгаалалтын хэрэгсэл мөн” гэж мэдэгджээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ