ӨВӨРХАНГАЙ: Л.Төмөрбаатар:1992 оны Үндсэн хууль ардчиллыг хөгжүүлэх луужин болсон гэж бид үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-13 12:39:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 31 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1992 онд Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлахаар АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж байсны дотор Өвөрхангайгаас 23 хүн байжээ.

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх төрт ёсны хуулийг батлалцаж явсан эдгээр эрхмүүдэд аймгийн удирдлагууд жил бүр хүндэтгэл илэрхийлдэг.




АИХ-ын депутат Л.Төмөрбаатар:

-Ардчиллын салхи сэвэлзэж байсан 1990-ээд онд Өвөрхангай аймгаас 23 хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байлаа. Тэр үед ард түмэн өөрсдийнхөө төлөөллийг санаа нэгтэй сонгож чадсан учраас жинхэнэ ардчилсан сонгууль болсон юм. Учир нь: Үндсэн хууль батлахад аймгаараа нэг болж, санал бодлоо нэгтгээд  Үндсэн хуулийн заалт бүрд санаа оноогоо тусгаж байсан. Тийм  ч учраас 1992 оны Үндсэн хууль дэлхийн жишигт хүрч, ардчиллыг цааш нь хөгжүүлэх луужин болсон гэж бид үздэг.


Нийгэм хөгжих явцад Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага гарч ирнэ. Улс орон, дэлхий нийтийн хөгжилтэй уялдуулаад Үндсэн хуульд 20-30 жилийн дараа ямар нэгэн өөрчлөлт ороод явах ёстой байх. Энэ бол улс орны хөгжилтэй, ирээдүйтэй холбоотой.


Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн зарим нэгэн алдаа дутагдлыг сайжруулсан, гэхдээ Үндсэн хуулийн ерөнхий агуулгыг алдагдуулаагүй сайн өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. Үндсэн хууль ямар ч байсан дараагийн 30-50 жилд Монгол Улсыг хөтлөөд явах баталгаатай луужин байх ёстой.

Холбоотой мэдээ