Тэтгэвэр тогтоолгох дараалсан жил 84 сар байгааг 60 болгох зохицуулалтыг тусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-11 11:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлуудыг төсөл тус бүрээр нэгбүрчлэн хэлэлцэв.


Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан байна. Түүнчлэн нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтыг тусгажээ.


Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд нэгтгэснээр хууль хоорондын зөрчил арилгах, даатгуулагчийн нийгмийн баталгаа хангагдах зэрэг эерэг үр дагавар бий болох аж.


Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног байхаар нэмэгдүүлжээ. Одоо мөрдөж буй хуулиар нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг адил хугацаагаар бодож байгааг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгасан байна. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр тусгаж байгаа аж. 


Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилт нь сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, даатгуулагчийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбоотой зардлын төлбөр олгох, санхүүжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй. Хууль батлагдсанаар даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх шалгуур үзүүлэлт тодорхой болж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, хяналт тавих, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирна. Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, мөн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгоход хуулийн төслийг чиглүүлжээ.


Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Холбоотой мэдээ