ХЭНТИЙ: АНУ-ын иргэн Лейс хоккейн спортыг 10 жил хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-01-05 09:40:57

Хэнтий /МОНЦАМЭ/ АНУ-ын иргэн Лейс Хэнтий аймагт амьдардаг бөгөөд “Бүргэдийн жигүүр” хоккейн багийг байгуулж, 10 дахь жилтэйгээ золгож байна.


Тэрбээр Чингис хотод өвлийн спортыг хөгжүүлж, Хэрлэн сумын 3-р багт Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнд мөсөн гулгуурын талбай байгуулан хүүхэд залуучуудад хүрч үйлчилдэг. Энэ жилийн тухайд 11 дүгээр сараас эхлэн хоёрдугаар сар хүртэл ажиллуулахаар төлөвлөж, гулгуурын талбайн байгууламжаа бүрэн шинэчилж, стандартын дагуу засаж, нэг ээлжиндээ 100 хос гутал, талбай дээр 75 хүүхэд багтахуйц хэмжээний орчныг өөрийн зардлаар бүрдүүлжээ.


        Хүйтэн сэрүүний улиралд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин нөхцөл Чингис хотод тун тааруухан байдаг. Харин энэ талбайг ашиглалтад оруулснаар өсвөр насныхан чөлөөт цагаа, эрүүл цэнгэг агаарт, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх газар нь болж байгаад тун баяртай байна гэлээ. Амралтын өдөр хүүхдүүдээс гадна гэр бүлээрээ ирж гулгадаг талаар ч тэд ярилаа.


        Лейсийн хувьд Хэнтий аймагт 2009 оноос хойш амьдарч байгаа АНУ-ын иргэн. Тэрээр өвлийн спортыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор 2012 онд "Бүргэдийн жигүүр" нэртэй хоккейн багийг бүрдүүлж, энэ спортод хүүхэд залуучуудыг хөтлөн оруулж, чамгүй амжилт үзүүлсээр байна.

        Чингис хотын захирагчийн албанаас Баянмөнх талбайд байрлах энэ газрыг 4 жилийн хугацаанд ашиглах зөвшөөрөл түүнд олгожээ. 

Холбоотой мэдээ