Хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 3-5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-03 14:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны банкуудаас ХААН, “Голомт”, “Ариг” зэрэг банк хугацаагүй хадгаламжид эргээд хүү тооцож эхэллээ. Эргээд гэдэг нь Ковидын тухай хууль хэрэгжиж байх үед банкууд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй буюу тэг болгож ирсэн юм.


Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон тул энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүү тооцож эхэлж байна гэсэн тайлбарыг Монголын Банкны холбооноос өгч байна.


Ер нь хадгаламжийн хүү өсөж байгаа. Зарим банк бас хадгаламж татах үүднээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэж байгаа” хэмээн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.


Хугацаагүй хадгаламжийн хувьд хүүг 12 сараар боддог. Жишээ нь, өнөөдрийн байдлаар гэхэд “Ариг” банкны энгийн хугацаагүй хадгаламж төгрөгөөр жилийн 5.5 хувь, ам.доллароор 1.5 хувь, юаниар 0.8 хувь, хүүгээс хүү боддог нийлмэл хүүтэй хугацаагүй хадгаламж жилийн 5 хувийн хүүтэй байна. "Голомт", ХАС, ХААН банк төгрөгийн хугацаагүй хадгаламжийн хүүгээ 3 хувь хүртэл нэмж, зарим банкных 4.5 хувьтай байна. 



Цар тахлын хугацаанд хэрэгжсэн хууль өнгөрсөн онд дуусгавар болсноор арилжааны банкуудад хэд хэдэн өөрчлөлт орж байгаагийн нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж, мөн хугацаагүй хадгаламжид хүү эргээд тооцож буй юм. 

Холбоотой мэдээ