Ганга нуурын 90 хувь нь ширгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-29 15:15:57

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг алдарт Ганга нуур устаж үгүй болоход ойрхон болжээ.

Одоогоор нуурын ширгэлт 80-90 хувьд хүрээд байна. Ганга нуур ингэж ширгэж үгүй болж байгаа нь байгалийн хүчин зүйл болоод хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Нуур малын ялгадасанд дарагдаж маш их бохирдсон нь гол шалтгаан болсон хэмээн эрдэмтэнд, байгаль орчин судлаачид үзэж байна. Ганга нуурын ойр орчимд нутагладаг малчид худаг усгүй учир ялат ч үгүй тус нууранд болоод ойр орчмын булгуудад малаа ундаалдаг. Ганга нуурын эргэн тойронд одоогоор хоёр багийн 37 өрхийн 16000 орчим мал ундаалдаг гэх мэдээллийг Дарьганга сумын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өглөө. Өдөр бүр олон мянган малын хөлд дарагдаж байгаагийн улмаас нуурыг тэжээдэг гэх булгууд нуурандаа хүрч чадалгүй тасалдаж, ширгэсэн байдалтай байна.

Зөвхөн Ганга нуур бус, Дарьганга суманд байдаг олон жижиг нуурууд ширгэж, Дуут, Зэгст зэрэг нууруудын ус мөн бохирдож, татарч эхэлжээ.

Жилдээ Ганга нууранд 50 гаруй хун тогтмол ирж буудалладаг. Одоогоор нуурын зөвхөн зүүн урд хэсэгт багахан хэмжээний устай байгаа бөгөөд тэнд нь долоон хун ирж буужээ. Бусад нууруудад хэд хэдэн хун буусан байгааг мөн Дарьганга сумын Байгаль орчны байцаагч н. Мөнхбаатар хэлж байна.

Ганга нуур ширгэж буй нь зөвхөн Дарьгангачууд, Сүхбаатарчууд төдийгүй нийт Монголчуудын анхаарлыг татаж, олон түмний сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа. Тиймээс одоо нуур ширгэсэн шалтгааныг яриад байх биш, нуураа яаж аврах вэ? хэрхэн хуучин хэвэнд нь оруулах вэ? гэдэг асуудлыг хамт ярилцаж, дуу хоолой, хүч чадлаа нэгтгэн дорвитой алхам хийх хэрэгтэйг олон хүн хэлж байгаа юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ