СОЁЛЫН ЭЛЧ: Сато Норико: Морин хуурын чуулгыг Япон болон дэлхийд таниулахын төлөө 30 жил зүтгэж байна

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2022-12-28 15:34:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын хамгийн оргил нь 2022 оны 11 дүгээр сарын 30-нд Японы алдарт "Эн-Эйч-Кэй" их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм Дээд хатан Масако нарын хамт уригдан үзсэн “Монголын Улсын Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн концерт” байлаа.


Энэхүү төслийг санаачлан, бүхэлд нь найруулж, амжилтанд хүргэсэн эрхэм бол Монгол Улсын Соёлын элчээр 10 гаруй жил ажиллаж буй “Морин хуурын чуулгын эх”  хэмээн хүндлэгддэг Сато Норико билээ. Хатагтай Сатог олон жилийн турш таних Японы Элчин сайд асан Такэнори Шимизү “Морин хуурын чуулгын тоглолтыг япончуудад таниулах гэсэн мөрөөдлийг минь биелүүлж өгсөн хүн бол тэр үеийн Осака дахь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байсан хатагтай Сато юм. Мөн энэ удаагийн Японд хийсэн бүх аялан тоглолтыг ч тэрбээр найруулсан. Морин хуурт хайртай хатагтай Сатогүйгээр бид үүнийг хийж чадахгүй байх байлаа" хэмээн түүний үйл хэргийг өндрөөр үнэлсэн юм. Хөгжмөөр дамжуулан хоёр орныг холбох гүүр болон хүчин зүтгэж яваа хатагтай Сатотой ярилцлаа.

 

-Хоёр орны харилцааны 50 жилийн хугацаанд Монголд өрнөсөн өөрчлөлт хөгжлийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Цаг үетэй хөл нийлүүлэн өөрчлөлтийг харж ирлээ. Хоёр улсын энгийн иргэд одоогийн түвшинд харилцаж чаддаг болсон нь сайхан хэрэг авч улс орны тухайд  бодоход социализмыг орхин, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж чадаагүй нь харамсалтай. Залуу удирдагчид сайн сайхан зүйлсийг ч гээчихсэн.  Хэдийгээр ардчилал урагшилж, нийгэм хөгжсөн ч үүнийг эргэн харан засах нь бас чухал.

 

-Та анх Морин хуурын чуулгынхантай хэрхэн учирсан бэ. Мөн өнөөг хүртэлх үйл явцыг дурдвал?

-1989 онд Бива нуурын эрэгт "Цэнгэг ус хамгаалах чуулган"-ы хөтлөгчөөр ажиллаж байхдаа Монголоос оролцож байсан н.Балдорж гуайтай танилцсан юм. Дараа жил нь ижил сэдвийн хүрээнд Хөвсгөлд чуулган зохион байгуулна гээд П.Очирбат гуайн нэрээр урилга ирсэн. 1990 он бол Монголын улс төрийн тогтолцоо өөрчлөгдсөн ид давалгааны үе байсан. Монголд анх удаагаа зочилсныхоо дараа Морин хуурын чуулгын гайхалтай тоглолтыг үзээд сэтгэл минь их хөдөлсөн. Миний хувьд туслах боломжтой зүйл байгаа эсэхийг асуухад тэд гадаадад аялан тоглолт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж билээ. Ингээд байгуулагдаад удаагүй шинэхэн залуу чуулганы тоглолтыг японы үзэгчдэд сонсгохыг зорин сэтгэл шулуудан 1997 онд анх удаан чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Японд очиж тоглосон. Японд хийх анхны аялан тоглолтоо хойд нутаг Хоккайдогоос урагшаа Окинава руу чиглэн хийсэн юм. Энэ жил 14 дэх удаагаа  бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон даяар тойрон тоглолтоо хийлээ. Удирдаачтайгаа нийлээд нийт 41 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон тоглолтын тоо 100 гаруй, жижиг үзүүлбэрийг оруулцуулбал 200 гаруй, энэ удаад л гэхэд 13 газраар аялан тоглолт хийсэн байна. Чуулгынхан маань 30 гаруй улс орноор тоглолтоо хийж өдгөө дэлхийд данстай чуулган болон өргөжин хөгжжээ.

-Энэ удаагийн аялан тоглолтыг үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ. Маш өндрөөр үнэлсэн гэж сонслоо?

-"Их тал нутгийн салхины чимээ мэт аялгуу нь урьд өмнө харж байгаагүй Монгол орныг санагдуулахад хүргэсэн", "Үндэсний сайхан хувцас өмсөн сэтгэл хөглөсөн сайхан концерт байлаа", “Морин хуураар эгшиглүүлсэн японы аялгууг сонсон дахин гайхамшгийг нь мэдэрч нулимс мэлтэлзлээ” гэх мэтээр үзэгчид сайхнаар хэлж байлаа. Тэр дундаа Цог Жавхлант Эзэн хаан угтан авч чадсан нь тэдэнд их урам зориг хайрлалаа.

 

-Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатан нар хэрхэн хүлээж авав. Урилгыг хүлээн авах хүртэл ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?

 -Хоёр давхрын урд эгнээний голд Масако гүнж, Эзэн хаан, Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар зэрэгцэн суун, концертыг шимтэн үзэж байлаа. Эзэн хаан одоогоос 15 жилийн өмнө Угсаа залгамжлах ханхүү байхдаа Монголд айлчилж, Морин хуурын чуулгынхантай хамт тайзан дээр Сент-Сансын бүтээл “Хун"-г тоглож байснаа эргэн дурсаж байсан. 2019 оноос Эзэн хааныг тоглолтод урих ажлыг эхлүүлсэн бөгөөд нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудал зэргээс шалтгаалан саяхныг хүртэл ямар нэгэн мэдээлэл гадагш цацаагүй юм. Тоглолт болох хугацаа ойртох мөчид шийдэгдэхэд үнэхээр их баярласан.

-Өөрийн тань хувьд Морин хуур чуулгын хамгийн том увидас юу вэ?

-Тэд хөгжим тоглох маш их дуртай. Дэлхийд цорын ганц онцгой оршихуй байхын тулд хөгжмийн олон төрлийн урсгалыг тоглож ирсэн. Үндэсний уламжлалт хөгжмийн зэмсгийг хадгалж үлдэхийг чухалчлан түүнээс ч илүүг зорьж хичээж ирсэн. Томоохон хүсэл мөрөөдлийн дор нэг гэр бүл мэт дотносож, хөгжим хэмээх нэгэн барилдлагаар холбогдсон хамт олон юм.


-Япон төдийгүй Америк, Европын орнуудаар хүртэл аялан тоглож, дэлхийн хэмжээний чуулган болж чадлаа?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард Оросын Санкт-Петербург хот дахь Дэлхийн Мариинский театрт тоглох хүсэлт гаргасан боловч “Манайх зөвхөн сонгодог хөгжмийнх” хэмээн татгалзаж байв. Харин "Эн-Эйч-Кэй" их танхим, Карнеги Холл мөн НҮБ-ын төв байранд тоглож байснаа хэлэхэд тэр даруй зөвшөөрсөн хариу авч байлаа. Энэ нь Мариинский театрын 300 жилийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн мөч болсон юм.


-Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан амжилтаараа, мөн байгуулагдсаны 30 дахь жилийн ой дээрээ өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон шүү дээ?

-Японд анх тоглолтоо хийж эхэлж байсан цаг мөчөөс л тэднийг аль хэдийн “Соёлын элч” хэмээн бодож байсан учраас миний хувьд харин оройтсон шийдвэр болов уу гэж санагдаж байна.


-Энэ намрын Эзэн хааны одон гардуулах ёслолын үеэр 30 жилийн хугацаанд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлэн “Мандах наран” одонгоор шагнажээ. Та илэн далангүй сэтгэгдлээ хуваалцвал?  

-Эхлээд би ямар нэгэн эндүүрэл гарчихлаа гэж бодсон. Санаанд үл багтах энэхүү одонг олон хүмүүсийн дэмжлэгийн үр шим хэмээн чин сэтгэлээсээ талархаж байна.


-Өнөөг хүртэл сэтгэлд тань хамгийн ихээр хоногшсон зүйл юу байсан бэ?

-Морин хуурын чуулгатай харилцаагаа гүнзгийрүүлж ирсэн Нара мужийн Ёшино дүүрэгт Каваками хэмээх тосгон байдаг. Тэнд  250 жилийн настай хуш модны хавтанг бэлгэнд авч, түүгээр хоёр орны бэлгэ тэмдэг болгон морин хуур бүтээлгэсэн юм. Харин тэрхүү морин хуураар чуулгын хуурч Р.Амарбаяр Эзэн хаан болон Эрхэм хатанд ая барьсанд чуулгын хөгжимчдийн хувьд ч тэр, миний хувьд ч тэр маш том баярт үйл явдал болсон.


-Та хоёр орны харилцааны 50 жилийн ойг угтан “Би Монголын үнэртэй салхинд татагдсан” (Чикүринкан хэвлэлийн газар) номыг бичин өлгийдөн авчээ. Гол агуулгыг дурдвал?

-1990 онд анх Монголд очоод хамгийн их сэтгэл догдолсон зүйл гэвэл онгоцноос буух үед үнэртэх анхилуун үнэртэй салхи байсан. Үүнээс хойш Монгол орон миний амьдралын нэг хэсэг болсоор иржээ. Ийнхүү хоёр орны харилцаа болон гэр бүлийн намтар түүхийг бичсэн ном юм. 50 жилийн ой өнгөрсний дараагаар Морин хуурын чуулгын талаар голчлон, учирсан хийгээд мөн түүхэнд тохуурхагдсан хүмүүсийн талаар гээд Монголын тухай олон сэдвээр өөрийн бодол санаагаа илэн далангүй хүргэх санаатай. Мөн Морин хуурын чуулга нь Монгол, Японы соёлын харилцаанд хэр зэрэг нөлөө үзүүлсэн талаар ч сайтар эргэцүүлж бодохыг хүсч байна.


-Ярилцсан танд баярлалаа. 



Холбоотой мэдээ