Герман улс энэ онд 300 мянган дүрвэгсдийг хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-08-29 12:39:19

БЕРЛИН. /VOA/. ХБНГУ-ын Хүн амын шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн алба /BAMF/-ны даргын мэдэгдсэнээр, тус улс энэ онд хамгийн ихдээ 300 мянган дүрвэгсдийг хүлээж авах ажээ.

“Бид энэ жил 250 мянгаас 300 мянган дүрвэгсдийг хүлээн авахаар бэлтгэж байна” хэмээн тус албаны дарга Франк Юрген Вайс “Bild am Sonntag” сонины сурвалжлагчид ярьжээ. Дүрвэгч гэсэн статусгүй боловч тус улсаас хамгаалалт хүсэн ирсэн хүмүүсийг германчууд “дүрвэгч” гэсэн нэг л ангилалд оруулан хүлээн авдаг билээ. Хэрэв тооцоолсноос илүү олон тооны хүн ирэх аваас манай алба хүнд байдалд орох магадлалтай. гэхдээ бид үүнд санаа зовохгүй байгаа хэмээн Вайс мэдэгдээд "энэ онд 300 мянгаас цөөн тооны хүн ирэх төлөвтэй байна" гэлээ.

Түүний хэлснээр, Герман улс 2015 онд өмнө жилийнхээс цөөн тооны цагаачдыг хүлээн авсан бөгөөд үүний шалтгаан нь зарим цагаачид өөр улс орон руу нүүн шилжсэнтэй холбоотой ажээ. Ноён Вайс мэдэгдэхдээ “бид тооллогын нарийвчилсан дүнг удахгүй танилцуулах болно. Гэхдээ өнгөрсөн онд нэг сая хүрэхгүй хүн Германд ирсэн нь тодорхой болоод байгаа” гэжээ.

2015 онд улс оронд нь дэгдсэн дайн байлдаан, өлсгөлөнгөөс дайжин дүрвэсэн 1.1 сая гаруй цагаачид Европын хамгийн том эдийн засагтай тус улсад ирсэн гэсэн тоо бий.

Шинээр ирсэн хүмүүсийг ажилтай болгоход нэлээд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг гэж Вайс хэлжээ. Түүний ярьснаар, одоо ирчихээд буй дүрвэгсдийн 70 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа ч тэдний ихэнх нь ажилд орохоосоо өмнө нийгмийн халамжид хамрагддаг байна. 

Шинээр ирж буй хүмүүсийн 10 орчим хувь нь дээд сургууль төгссөн байдаг бол 40 орчим хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдаагүй боловч практик ажлын дадлага туршлагатай байдаг ажээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ