"Өвсний үндэс" төслийн хүрээнд дөрвөн аймагт гал унтраах автомашин нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Японы ЭСЯ-нд өнөөдөр боллоо.
Төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон ОБЕГ-ын дарга, хошууч, генерал Г.Ариунбуян нар гарын үсэг зурав.
Уг төслийн хүрээнд Япон улсын Гал түймэртэй тэмцэх холбооны дэмжлэгтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хулд, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд Япон улсад өмнө нь ашиглаж байсан гал түймэр унтраах машиныг нийлүүлэх юм.
Монгол Улсын хэмжээнд нийт 220 сайн дурын хэсэг гал түймэр унтраах үйл ажиллагаа явуулаг боловч ихэнх нь гал унтраах тусгай тоноглол бүхий автомашингүй. Гал гарсан тохиолдолд нутгийн сайн дурын хэсэг ус түгээх машин ашиглан гар аргаар галтай тэмцэхээс өөр аргагүй байна. Энэхүү нөхцөлийг сайжруулахын тулд ОБЕГ-аас хүн ам, төвөөс алсалсан байдал, замын нөхцөл байдлыг харгалзан дээрх таван суманд гал түймэр унтраах тусгай тоног бүхий автомашиныг нийлүүлэхээр сонгосон байна. Уг төслийг хэрэгжүүлснээр эдгээр дөрвөн аймгийн таван суманд гал унтраах, аврах үйл ажиллагааг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулах боломжтой болохоос гадна нутгийн иргэдэд аюулгүй, таатай, амьдрах орчин бүрдэхэд хувь нэмэр оруулах юм.
ОБЕГ-ын дарга, хошууч, генерал Г.Ариунбуян хэлэхдээ, “Монгол оронд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдэл, ослын томоохон жинг ойн болон обьектын түймэр эзэлдэг. Үүнд Гал түймэртэй тэмцэх чиглэлээр Онцгой байдлын байгууллага тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар байгууллагын хэмжээнд нийт техник төхөөрөмжийн хангалт 60-70 хувьтай байна. Улс орон, Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд бий. Япон улсын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд ялангуяа алсалсан аймгийн сумдад эдгээр техник хэрэгсэл иргэд болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах юм” гэв.
Япон Улсын
Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний
үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж
байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 588 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа
батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 92,411 ам.доллар юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.