ХОВД: Сумдад шатрын спортыг жигд хөгжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-20 09:51:02

Ховд /МОНЦАМЭ/. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг тодруулах үүднээс ээлжит тэмцээнийг өрнүүллээ.  

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнзохион байгуулна. Тус тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн Ховд аймагт боллоо.

Энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн ИТХ, Шатрын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хөдөө орон нутгийн шатар сонирхогчдын ур чадварыг сорих, туршлага солилцох, сум тус бүрт шатрын спортыг жигд хөгжүүлэхэд анхаарах зорилгын хүрээнд өрнөснөөрөө онцлогтой.

Тэмцээнд Ховд аймгийн 10 сумаас шалгарсан 30-аад шатарчин оролцож, өрсөлдлөө.

Шатрын эрэгтэй төрөлд тэргүүн байрт Э.Ганболд, дэд байрт Б.Даваадорж, гуравдугаар байрт Б.Бастогтох нар шалгарчээ. Харин шатрын эмэгтэй төрөлд тэргүүн байрт Д.Цэрэнлхам, дэд байрт Г.Тунгалагбаяр, гуравдугаар байрт З.Серикгүл нар шалгарсан байна. 


Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, оролцогчдын тооноос хамааран швейцар системээр тоглуулжээ. Мөн энэ удаа шалгарсан тамирчдаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тоглогч шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэж өнөөдөр Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ