ОРХОН: С.Батжаргал: Хотын хөгжлийг ярья гэвэл инженерийн дэд бүтцээс эхлэх хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг өнгөрч буй 2022 онд орон нутгийн хөрөнгөөрөө анх удаа орон сууцны хороолол барьсан. Гэр хорооллын иргэдийг орон сууцаар хангах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 46 жилийн түүхтэй газар доорх инженерийн шугам сүлжээг шинэчилж эхэлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай ярилцлаа.
-Өнгөрсөн жилийн өдийд та
ярилцлагадаа “Цаг хугацаа өнгөрнө, хийсэн л байх ёстой” гэж хэлж байсан.
Энэ үг цар тахал дуусна бид төлөвлөсөн ажлаа хийх л ёстой гэсэн агуулгаар
хэллээ гэж ойлгосон.
-Та бид 2 өнгөрсөн жил
ковидын үед Эрдэнэт хот хэрхэн, яаж ажиллав гэсэн дүгнэлт, тайлангийн
хүрээнд ярилцсан. Тухайн үед бид төлөвлөсөн ажлаа ковидын нөхцөл байдалтай
уялдуулж ажиллах гэж их хичээсэн. Хүмүүс цар тахлыг удаан үргэлжлэх мэт бодож
бүх зүйлийг ковидтой холбож байсан учир томоохон төслүүдийг эхлүүлэхэд ч
бэрх байлаа. Иймд бид төлөвлөсөн ажлуудаа эхлүүлэх, гүйцээх, гүйцэтгэх гэсэн
агуулгаар хэлсэн юм.
-Тэгвэл дахин нэг жилийн хугацаа
өнгөрлөө. Та бүхэн төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг гүйцэтгэв?
-Цар
тахал, дайн, үнийн өсөлттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямарч хил
гаалиар орж ирэх бараа материал цаг хугацаанаасаа хоцорч бүтээн байгуулалтын
ажилд багагүй саад учирлаа. Нийт төлөвлөсөн 200 гаруй ажлын 40 хувь нь
үнийн өсөлтөөс болж дуусгаж амжсангүй. Жишээ нь Эрдэнэтчүүдийг оюунлаг
гэж тодотгодог. Бид Номын өргөөнийхөө барилгаа хэдэн жилийн өмнө эхүүлсэн
ч 2022 онд бас л дуусгаж чадсангүй. Энэ өргөөнд соёлын олон үйл ажиллагааг зохион
байгуулах юм уг нь.
Мөн
энэ онд “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олон иргэнийг орон
сууцанд нь оруулчихна гэж төлөвлөж байлаа. Дахин төлөвлөлтийн хүрээнд
хашаалчихсан газруудыг цэгцэлж орон сууц барьж эхэлсэн байсан. Ондоо
багтаад иргэдээ шинэ орон сууцанд нь оруулж амжина гэж төлөвлөж байсан ч гадна,
дотны олон нөхцөл байдлаас болж хугацаанаасаа хоцорлоо. Гэхдээ бид ямар ч гэсэн
эхлүүлж, хэрэгжүүлж байна. Ялангуяа бүтээн байгуулалтын үед цар тахал, дайн,
үнийн өсөлт их нөлөөлсөн. Энэ намар л гэхэд цементийн хомсдолд орлоо. Гэхдээ
л олон ажлыг амжуулахаар ажиллалаа. Хүн амынхаа орлогод нийцүүлж барьж буй орон
сууцны тодорхой хувийг худалдаж, заримыг нь түрээсэлж, заримыг нь дараагийн
орон сууц барих санхүүжилтийн эх үүсгэвэр болгохоор ажиллаж байна гээд багагүй
асуудлыг шийдэж байна.
Мөн
олон улс, яамдтай хамтран эрүүл мэндийн салбартаа томоохон шинэчлэлтийг бий
болгож чадлаа. Тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Эрдэнэт хотод
нэн шаардлагатай ангиографийн аппараттай боллоо, урологийн тасагтай боллоо,
эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогодоо анхаарлаа гээд дурдвал олон
зүйл бий.
НҮБ,
Азийн хөгжлийн банк, ЕСБХБ-аас аль аймагт хөрөнгө оруулалтаа хийх вэ гээд
судалгаа хийхдээ манай аймгийг сонгож байна. Учир нь бид гэр хорооллын дахин
төлөвлөлт, хог хаягдлын менжемент, инженерийн шугам сүлжээ, бие даасан дулааны
эх үүсвэр, хүлэмжийн хийг багасгах зорилтууд маань дээрх байгууллагуудтай
хамтрах, тэндээс хөрөнгө оруулалт татах үндэс суурь нь болж чадаж байна. Бүх зүйлийг улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийхэд хязгаарлагдмал учир олон
улсын, донор байгууллагуудын хөрөнгийг татах нь бас чухал байгаа юм.
-Ковидын үед бид эрсдэлд бэлэн
байх тухай ойлголттой болсон. Эрдэнэт хот эрсдэлд бэлэн байдлаа
инженерийн шугам сүлжээтэй холбож төлөвлөж байна гэж харж байна.
-Орхон
аймгийн инженерийн шугам сүлжээний нөхцөл байдал маш эрсдэлтэй гэсэн
судалгааны дүгнэлт бий. Хот хөгжих нэг үндэс нь дэд бүтэц. Сүүлийн
30 жилд Эрдэнэт хот хөгжлийн алсын хараандаа инженерийн дэд бүтцээ
орхигдуулснаас болж томоохон орон сууцны хороолол барих үндсэн шугамаа
бэлдээгүй, гэр хорооллыг орон сууцжуулахдаа инженерийн шугам сүлжээгээ хэрхэн
байгуулах, яаж барилгажуулах вэ гэдгээ тодотгоогүй, газар доорх “хот”-ынхоо
нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж чадаагүй байсан.
Жишээ
нь Эрдэнэт хотын хэмжээнд жил бүр усны алдагдал 55 хувьтай байдаг. Үүнийгээ
тоолуур луу “чихдэг”. Газар доорх инженерийн шугамаа солиод, тоолууржуулаад
ирэхэд 15 хувиар буурч байна. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, нэг тэрбум орчим
төгрөгийг “урсгаагүй” байна. Эндээс харахад, бид дэд бүтэцдээ анхаарах анхаарал
их сул байж. Үүнийг өөрчилж шинэчлэхийн төлөө ажиллаж байна. Мөн 2а, 7а
гэсэн хашаалаад удсан байсан орон сууцны хорооллуудынхаа төслийг хөдөлгөсөн.
Эндээс л хотын хөгжил эхэлнэ. Үүнийг багаараа ойлгож байж нэгдсэн шийдвэр гарч
ажил цэгцтэй, тасралтгүй урагшлах суурь болж байна.
Мөн
бид саяхан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө шинэчилсэн. 2040 он гэхэд
Эрдэнэт хот 150 мянган хүн амтай болно гэсэн судалгаа бий. Хүн ам өсөх тусам
гэр хороолол нэмэгдэх гээд байна. Яг одоогийн байдлаар Эрдэнэт хот тэлсэн
гэр хороолол л харагдаж байна. Тэгэхээр гэр хорооллыг дахин төлөвлөж орон
сууцжуулж байж хүн амын өсөлтийг “даана”.
-Хүн амын өсөлт гэснээс Эрдэнэт
хотод суурьших сонирхолтой иргэд олон байдаг юм билээ. Гэхдээ эрүүл мэнд,
боловсролын хүртээмж болон эдийн засгийн чадавхыг нь хардаг. Эдгээр салбарын
шинэчлэлт, өөрчлөлтийн гол чиглэл нь юу байгаа вэ?
-Хүн өөрийн амьдарч байгаа газартаа хэд хэдэн зүйлийг хардаг. Нэгд, миний үр хүүхэд чанартай боловсрол эзэмшиж чадаж байна уу, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж хэр байна вэ, нийгмийн үйлчилгээний соёл ямар хэмжээнд байна вэ гэдгийг хардаг. Тиймээс бид энэ онд боловсролын салбартаа 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүллээ. Хүүхдийг сур гэж шахахаасаа илүүтэй яаж сонирхолтойгоор сургах вэ, сурагчдын хүсэл мөрөөдөл дээр нь хэрхэн үндэслэж хичээлийг нь заах вэ, багшийн шинэ дүр төрх ямар болов, ямар ур чадвар эзэмшиж байж хүүхдүүдтэйгээ ойлголцдог болох вэ зэрэг олон талаас нь дүгнэж, ярьж, хэлэлцэж хэд хэдэн төслийг эхлүүлсэн.
Тоглонгоо суралцъя, Эрүүл
хүүхэд, Хүүхдийн хөгжил гэсэн томоохон төслийг эхлүүллээ. Эрдэнэт хот
инженерийн хот л юм бол инженер, техникийн мэргэжлийг дэмжиж энэ
чиглэлд сурагчдыг бэлдэх гээд олон хөтөлбөр, төсөл, аян хэрэгжүүлж байна. Цэцэрлэгээ хоёр ээлжээр хичээллүүлж байна. Үүнийг дагаад боловсролын салбар
дахь ажлын байр нэмэгдлээ. Сургууль, цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орлоо. Багш
хөтөлбөрөөрөө дамжуулан багш нарын хүний нөөцийг нэмэгдүүлж, чадавхжууллаа.
Энэ бүхний эцэст Эрдэнэт хот боловсролын салбараараа бусад аймгаас юугаараа
ялгарах юм, яаж давуу талаа дөвийлгэх юм гээд олон л ажлыг хийж байна. Цахимжиж
буй энэ ертөнцөд сурагчдад мөрөөдөл, хүслийг нь хэрхэн бий болгох вэ,
хүнлэг, хүмүүнлэг хандлага, харилцааг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэгт онцгой
анхаарч байгаа. Боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр бүр үүнд
чиглэсэн.
Эрүүл
мэндийн салбарт багагүй эргэлт, шинэчлэлт бий болсон гэж дүгнэж байгаа. БОЭТ-д
Хавдрын, дотрын шинэ тасаг нээлээ. Орхон аймагт зонхилдог өвчнийг бууруулах
болон урьдчилан сэргийлэхийн тулд нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах,
тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэхэд төсөл,
хөтөлбөрөө чиглүүлж ажиллалаа. Улаанбаатар хот болон бусад аймгаас манайд
ирж суурьшихаар зорьж буй чадварлаг эмч нарын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж
байна. Эмнэлгийн үйлчилгээ авахаар Улаанбаатар хотыг зорьж буй иргэдийн
урсгалыг багасгахын тулд БОЭТ, ӨЭМТ-ийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтыг нэмлээ. Цаашид нийгмийн эрүүл мэндийн асуудалд онцгой
анхаарч иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход нь төсөл, хөтөлбөрөө чиглүүлнэ.
Энэ онд эрүүл мэндийн салбарт 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
байна. Тэгэхээр Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбар алхам, алхмаар хөгжиж
байгаа.
-Эрдэнэт хот цэвэр, цэгцтэй,
оюунлаг гэсэн тодотголтой. Энэ соёлд олон агуулга багтаж байгаа. Тэгвэл одоо
“Ухаалаг хот” гэсэн дараагийн шинэ хандлага бий боллоо. Ухаалаг хот болохын
тулд өнгөрсөн онд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн явц ямар
байна вэ? Цахимжих ёстой үйлчилгээнүүд цахимжиж, хялбаршиж чадаж байна уу?
-Манай
аймаг 21 аймгаас түрүүлж цахим хөтөлбөрөө баталсан. Эрт баталсан эрт ч
эхлүүлсэн. Мэдээж үе шаттай, дараалалтайгаар ажил явж байгаа. 2024 онд олон
улсын хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулахад бэлдэж бүтэц, сууриа сайн тавьж
байна. Төрийн бүтээмж, хүртээмж, үйлчилгээг сайжруулахын тулд бүх үйчилгээ
цахимжиж нэгдсэн системд бүртгэгдэх ёстой. Үүний урьтал болгож эмнэлэг,
боловсролын салбар, нийтийн тээвэр, багийн ажлын албыг шаардлагатай тоног
төхөөрөмжөөр хангаж байна. Цахимжихад цаг хугацаа их шаардана. Одоо хийсэн
байгаа ажлын зарим нь хүний нүдэнд харагдаж ойлгогдож байгаа бол заримынх нь
зөвхөн дэд бүтцийг бүрдүүлэх жишээтэй. Тэгэхээр судалгаанууд хийж
байна, ажил тасралтгүй үргэлжилж байна.
Мөн
энэ онд “Хог хаягдлын менежмент”-ийг сайжруулахад олон ажлыг эхлүүлсэн. Энэ
“Цахим Эрдэнэт” хөтөлбөртэй ч холбоотой. Ямар ч гэсэн эхлээд бид хогийн цэгийн
талбайгаа хумьж цэгцэллээ. БОАЖЯ, НҮБ зэрэг хэд хэдэн байгууллага хамтран
Эрдэнэт хотын хогийн менежментийг хэрэгжүүлж байна. Хогоо эх үүсвэр дээр нь
ангилаад, ялгаад, дахин боловсруулахаар тээвэр ложистикийг нь бүрдүүллээ. Манай
хэрэгжүүлж байгаа энэ менежментийг бусад аймаг жишиг болгож дурдаж байна.
Энэ мэтчилэн дурдвал олон ажил байна.
-Шинэ сэргэлтийн бодлого, Алсын
хараа 2050, Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр гээд бидний хөгжлийн газрын зураг
тодорхой байна. Үүнтэй уялдуулж орон нутагтаа бодлогоо чиглүүлж байгаа.
Гэхдээ Эрдэнэт хотын өөрийнх нь үнэт зүйл юу вэ, бидний ялгарах зүйл юу вэ?
-Монгол
Улс нэгдмэл улс учир төсөв санхүү, бодлого чиглэл нь нэг гэсэн үг. Тиймээс
Засгийн газраас баримталж буй бодлого бол манай хөгжлийн газрын зураг. Үүнтэй
уялдаж аймаг, сумдын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлого гарч байгаа.
Өөрөөр хэлбэл, бид батлагдсан төсөв, санхүүгийнхээ хүрээнд ажилладаг гэсэн үг.
Гэхдээ тухайн орон нутгийн хөгжлийн онцлог гэж бий. Эрдэнэт хот бол
Улаанбаатарын дараа орох хот. 100 гаруй мянган хүн амтай ч эдийн засгийн
чадавх, хүн амын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн соёл нь өндөр.
Бидний давуу тал бол дэд бүтэц сайн хөгжсөн, чадварлаг
мэргэжилтэнтэй, оюунлаг иргэнтэй хот гэж хэлнэ. Салбар, салбарын
хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүд байна. Хүний хөгжлийг бид хотынхоо
хөгжлийн суурь болгодог. Хөгжсөн хувь нь л улс орны хөгжлийг ярьж
эхэлдэг. Иймд Хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа өнөөдөр үр дүнгээ өгөхгүй ч
ирээдүй хэтдээ өгнө. Бид өнөөдөр амьжиргаа хэт хөөгөөд байхаар хөгжил
урагшлахгүй байгаа мэт харагдаж магад. Бид мэргэжлийн, судлаачдын, эрдэмтдийнхээ
үгийг эх сурвалжаа болгож байна. Тиймээс ч үр дүн гарна гэдэгтээ итгэдэг.
-Улсын хэмжээнд өрнүүлж буй
томоохон төслүүд байна л даа. Үүнээс онцолж “Хүнсний хувьсгал”-ыг асууя.
Хүнсийг дагаад хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, боловсролын салбарын
асуудал хөндөгддөг. Бид юу идэж байна, юу идэх гэж байна, юуг идэхгүй орхиж
байна гээд. Үүнтэй зэрэгцээд, юу үйлдвэрлэж байна, юуг үйлдвэрлэж чадахгүй
байна гээд. Тэгэхээр энэ “хувьсгал”-ын үйл явцыг хэрхэн өрнүүлэх гэж байна вэ?
-Цар тахлын үед монголчууд юу үйлдвэрлэдэг, юу үйлдвэрлэдэггүйгээ мэдсэн байх. Манай аймагт л гэхэд, хүнсний асуудал гарч ирж байсан. Дарханаас, Улаанбаатараас хүнсээ авдаг манайх. Зарим аймгийг харахад, 1990-ээд оны зах зээлийн шуурганд хүнсний үйлдвэрээ авч үлдэж чадсан байсан. Тэр нь өнөөдөр аймгийнх нь эдийн засагт гол нөлөө үзүүлж байх жишээтэй. Гэтэл Эрдэнэт хот хүнсний үйлдвэрээ “алдчихсан”.
Монгол Улсын хүнсний хангамжийн хэдэн хувийг ямар
бүтээгдэхүүнийг Эрдэнэтчүүд үйлдвэрлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Бид бүс
нутгийн хэмжээнд үйлдвэрлэлээ тооцож амбицаа тодорхойлсон. Саяхан манай
хотод Польш улсын Өргөмжит консулын газар байгуулсан. Польш улс жимс,
жимсгэнэ, өрхийн үйлдвэрлэлээрээ арвин туршлагатай. Тэдэнтэй хамтын
ажиллагааныхаа хүрээнд хүнсний асуудлыг бас ярина. Бид хүнсний салбар дахь
хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөгүй. Бид илүү том зургаар энэ асуудалд хандах
ёстой гэж бодож байгаа.
-Хийсэн ажлаа тоочооч гэвэл олон
байх. Хэмжээч гэвэл хэцүү байх. Үр дүнгээс нь хэлээч гэвэл дуусахгүй байх. Товч
дүгнээч.
-Энэ онд бид олон ажил
төлөвлөсөн. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж бүтээн байгуулалтын
ажилд багагүй саад гарсан ч он гараад орон сууцандаа иргэдээ оруулчих
байх. Хүний нүднээс далд ч хөгжлийн чухал суурь болсон инженерийн шугам
сүлжээгээ шинэчилж эхэллээ. Ажлын байр цөөнгүй нэмэгдэж томоохон үйлдвэрүүд
эхнээсээ ашиглалтад орлоо. Зэс Эрдэнийн хувь үйлдвэрт л гэхэд 50 орчим ажлын
байр шинээр бий боллоо. Барилга, бүтээн байгуулалтаа дагаад түр ажлын байр
нэмэгдлээ. Аймаг түлшний үйлдвэртэй болохоор суурь, судалгаа эхлэлээ тавилаа.
Эмнэлгийн салбарт л гэхэд эмч, сувилагч нарын цалин нэмэгдлээ, 30 эмч тус бүр
20 сая төгрөгийн дэмжлэг авлаа, тоног төхөөрөмж нэмэгдлээ, үйлчилгээ сайжирлаа,
гадаад, дотоод хамтын ажиллагаа өргөжлөө гээд дурдвал олон. Салбар бүрт өөрчлөлт
гарч байгаа. Бид салбарынхаа, мэргэжлийнхээ хүмүүсийн үгийг сонсож тэднээр
асуудлыг, шийдлийг нь хэлэлцүүлж эцэст нь дэмжин ажиллаж байна. Тиймээс
ирээдүйд ч ирэх жил ч Эрдэнэт хотын хөгжил тасралтгүй үргэлжлэх болно.
-Ярилцсанд баярлалаа.