АРХАНГАЙ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр "Дүүрэн хангалттай" үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-13 11:54:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн 10 дугаар сард болсон гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсан. Энэхүү бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийн хариуг ОБЕГ-аас саяхан ирүүлж, Архангай аймаг "Дүүрэн хангалттай" гэсэн үнэлгээг авчээ.

 

Үзлэгийн зорилго нь орон нутгийн гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, бэлэн байдлыг хангуулах юм.

 

Үзлэгт аймгийн Онцгой комисс, 13 мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн 360 гаруй алба хаагчийн хээрийн үүргэвч, тусгай зориулалтын болон шуурхай албаны томилгоот 30 автомашин техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгасан. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, АЗЗА, Газрын харилцаа, барилга, хот байгулалтын газар, УЦУОШТ, Авто тээврийн газар, Мэдээлэл холбоо, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагын бэлэн байдлыг шалган мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн.

 

Дээрх үзлэгийг Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Архангай аймгийн 12 сум, 13 гамшгаас хамгаалах алба, 19 тусгай зориулалтын мэргжлийн ангиудад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдсан юм. Төлөвлөгөөт бэлэн байдлын үзлэг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 60-аас доошгүй хувийг хамруулдаг байна.  

 

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг энэ оны 10 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан, Булган, Эрдэнэбулган, Цахир, Өндөр-Улаан, Хангай, Чулуут, Тариат, Хашаат зэрэг суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ