СОЁЛЫН ЭЛЧ: Б.Сувд: Монгол хувцасны түүхийг судлахад дэлхийн түүх болж таардаг

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2022-12-13 10:05:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэсний дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, дээл хувцсаар дамжуулан монгол үндэстний имижийг гадаад ертөнцөд сурталчлан таниулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Соёлын элч, үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувдтай ярилцлаа.

 

Тэрбээр “Дээлтэй Монгол” наадмыг санаачлагч, “Монгол хувцасны нууц товчоо” баримтат киноны зохиогч бөгөөд дэлхийд тархсан монгол хувцасны түүх, соёлын талаар “Монгол хувцасны нууц товчоон” номыг хэвлэн олон нийтэд толилуулсан юм.


-Та хамгийн анх Соёлын элч болсноо хэрхэн дуулж байв?

-ГХЯ-наас 2021 оны сүүлчээр “Таны хийсэн ажлын үр дүн, хийж буй ажилтай холбоотой учир Соёлын элчээр ажиллах санал тавьж байна” гэсэн юм. Тэгэхэд нь монгол хувцсаа судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлаа хийгээд байхад болох юм байна гээд саналыг нь хүлээн авсан. Манай компани “Монгол хувцасны нууц товчоо” хэмээх киноны нээлтээ хийхэд ГХЯ-ныхан олон хүний бүрэлдэхүүнтэй ирж үзсэн. Түүнийхээ дараа надад Соёлын элчээр ажиллах санал тавьсан юм. Өөрөө ажиллах хүсэлтээ гарган өргөдөл бичин, 2-3 хүний тодорхойлолт болон цагдаагийн тодорхойлолт шаарддаг, маш хариуцлагатай, дүрэм журамтай юм билээ. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын сүүлчээр Соёлын элчээр томилогдсон.

 

-Соёлын элч гэхээр хүмүүс мэдээд байгаа юм шиг хэрнээ яг ямар үүрэг хүлээдэг болохыг төдийлөн сайн мэддэггүй. Энэ тал дээр та товч тайлбар хийх үү?

-Соёлын элч бол төсөв мөнгө, цалин хөлсгүй, илүү эрх ямбагүй, өөрийн сайн дураар, чин хүслээр ажлаа хийн түүнийгээ сурталчлах зорилготой. Хүмүүс цалин авч ажилладаг гэж ойлгодог. Соёлын элчийг батлах журамд “Соёлын элч нь дипломат эрх ямба, дархан эрх эдлэхгүй” гэж заасан байдаг. Соёлын элч нь Монгол Улсыг олон улсад эерэгээр сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан бүтээл туурвисан уран бүтээлч, Соёл урлаг, спорт, түүх, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, суугаа улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын нэр хүндтэй иргэн, Соёлын элчээр нэр дэвшигч нь гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, нэр хүнд, ёс суртахууны хувьд цэвэр байх, Монгол Улсын талаар сайн ойлголт, мэдлэгтэй, Монгол Улсын төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. 

-Өнгөрсөн хугацаанд та Соёлын элчийн хувиар ямар ажлууд хийв. Хэр үр дүнтэй байв?

-Манай “Монгол костюмс” компани  Монгол хувцасны түүх судлах, судалгааны ажил хийх, ном товхимол, эрдэм шинжилгээний хурал, баримтат кино бүтээх гэхчлэн хувцасны үүх түүхийг сурталчлах чиглэлээр ажилладаг. Дээл хувцас оёх нь бидний хоёр дахь ажил юм. Соёлын элчээр томилогдсоноосоо хойш Дундговь аймагт “Монгол хувцасны нууц товчоон” загварын тоглолтыг өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан. ОХУ-ын Эрхүү хотноо болсон Евро-Азийн шилдэг дизайнеруудын “Этно подиум”-д “Монголын эзэнт гүрэн”, “Могулын охид” коллекциороо оролцлоо. Мөн “Дээлтэй Монгол” наадмаа 16 дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан. Үндэсний их баяр наадмын нээлтэд монгол олон угсаатны 40 гаруй хувцас хэрэглэлээр монгол хувцсаа сурталчилсан. Түүнчлэн 14 дэх жилдээ зохион байгуулсан “Соёлын наадамд”-д монгол хувцасны өв соёлоо олон түмэндээ таниулан сурталчиллаа. Наймдугаар сард болсон “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн наадамд миний бие 21 аймгийн өвлөн уламжлагчийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж Монгол Улсын Соёлын элчийн үүргээ биелүүллээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Цэгцэрийн шар талд 9 дүгээр сард болсон орон нутгийн наадамд “Галт шувуу”, “Тамга” коллекциор оролцож монголын өв соёл-монгол хувцсаа сурталчилсан. Мөн Польш улсын Варшав хотноо 10 дугаар сард Ази-Номхон далайн музейд монгол хувцас монголчуудын үнэт өв болох тухай лекц тавьж, “Монгол хувцасны нууц товчоо” баримтат киногоо толилууллаа. Тус музейд манай бурхан шашны болон хувцасны эд өлгийн 1000-аад бүтээл үзмэр хадгалагдаж байна.


Мөн уламжлалт гар урлалыг хөгжүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 1000 бүтээлээс 100 шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаанд шүүгчээр ажиллалаа. Түүнчлэн 12 дугаар сарын 29-нд болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрөөр “Монгол хувцасны нууц товчоон” номоо шинэчилсэн байдлаар гаргахаар ажиллаж байна. 

-Бид Монгол Улсаа гадаадад сурталчилна гэдэг. Энэ нь их өргөн ойлголт. Тухайлбал, үндэсний хувцас, түүний өв уламжлалыг гадныханд таниулна гэдэг бас ч гэж өөрийн арга барил, ажлын туршлага шаардсан ажил байх. Та энэ талаар хэрхэн ажиллаж ирэв?

-“Монгол костюмс” компанийн 20 жилийн ой ирэх жил болно. Энэ хугацаанд бид 30-аад улс оронд өв соёл, үндэсний хувцсаа сурталчлаад байна. 2012 онд ЮНЕСКО-гийн төв байранд “Монгол хувцасны нууц товчоо” хэмээх хамгийн том тоглолтоо толилуулсан. Монголын түүх гэдэг дэлхийн түүх, дэлхийн түүх бол монголын түүх юм. Эртний чулуун зэвсгийн үеэс монгол хувцас ямар үүх түүхтэй байсныг судалж үзэхэд дэлхийн түүх болж таардаг. Дэлхийн талыг эзэлж, том эзэнт гүрнийг байгуулж байсан нүүдэлчин ард түмний үүх түүх, өв соёл бидэнд уламжлан ирсэн.


Монголчууд өнөөдөр гоёл болгоод хэрэглэж байгаа боловч монгол хувцас маань соёл юм. Гаднаас нь харахад монгол хүн гэдгийг илэрхийлэх илэрхийлэл юм.


Нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн өмнөөс бидэнд уламжлан ирсэн дээл хувцас юуг эрхэмлэдэг, ямар ёс заншил, соёлтой, урлахуйн ямар ухаантай ард түмэн вэ гэдэг нь хувцсандаа шингэсэн байдаг. Өнгөрсөн түүхийн нугачаа, сэргэн мандаж байсан, доройтон унаж байсан нь хүртэл шингэсэн. Эзэнт гүрний түүхээс үзэхэд нүүдэлчин гээд арьс нөмөрсөн, бүдүүлэг, тэнэмэл улсууд байсан мэтээр ойлгодог байж. Залуус гадны соёлыг шүтээд яваад байна. Дээл хувцас гадны соёлд хэрхэн нөлөөлж байсан нь “Монгол хувцасны нууц товчоон”-ы гол зангилаа юм.


Тухайлбал, Эзэнт гүрний үеийн төрт ёсны хувцас, хатдын богтаг малгай гэхэд Европын язгууртнуудын малгай болон сэргэн мандалтад хүртэл нөлөөлсөн. Дээл хувцасны тухайд маш олон соёлыг гадагшаа нэвтрүүлсэн нь харагддаг. Түүнийг бид ном, баримтат киногоор харуулахыг зорьж байна. ЮНЕСКО-гийн төв байранд тоглохдоо театрчилсан, найруулгатай, хөгжимтэй, жүжиглэлттэй, соёлын биет бус өв морин хуур, хөөмий, уран нугаралт, бүжиг, уртын дуу, хадны сүг зураг гээд бүгдийг  холбон дээл хувцасны түүхийг харуулсан. Бид НҮБ-ын төв байранд 2016, 2018 онд, Киргиз, Саудын Арабад болсон дэлхийн нүүдэлчдийн наадамд тоглож байлаа. Тэрхүү наадамд дэлхийн 120 орон оролцсоноос манай улсаас уртын дуучин, хөөмийч гэсэн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Манай уран бүтээлчид найман номинациас хоёр номинацид нь шалгарч байлаа. МУГЖ С.Цогтсайхан этно хит уртын дуугаар, “Монгол костюмс” компани үндэсний хувцсаараа шилдэг Гранпри шагнал хүртэж байв. Тиймээс бидний үндэсний хувцас хэн ч харсан бахархам баялаг, тансаг, чамин, үүх түүхтэй.

 -Таны анхлан эхлүүлсэн “Дээлтэй монгол” наадам бол манайхны төдийгүй монгол туургатан, гадаад жуулчдын хүсэн хүлээдэг наадам болсон. Энэ нь магад миний ойлгосноор иргэдийн идэвх санаачилгад тулгуурлаж эх орноо, үндэсний хувцсаа сурталчилж байгаа нэг хэлбэр юм гэж хардаг?

-Анх “Дээлтэй Монгол” наадмаар аялал жуулчлалын брэнд бий болгох, гадны жуулчин ирэхэд үзэх зүйлтэй, биднийг дээл хувцсаар нь монгол хүн хэмээн таньдаг байгаасай хэмээн 2007 онд эхлүүлсэн. Солонгос улсыг ханбуг, японыг кимино, энэтхэгийг саригаар нь андахгүй.  Ханбуг, сариний үндэс суурийг авч үзвэл манай үндэсний хувцасны нөлөө явж байгаа. Монголчууд дэлхийн талыг эзэлж байсан учир маш ихээр түгээн дэлгэрүүлж байжээ. “Дээлтэй Монгол” наадам улсын баяр наадам эхлэхээс өмнө  буюу 7 дугаар сарын 9-нд болдог бага наадам болж өргөжөөд байна. Ковидын өмнөх үед “Дээлтэй Монгол” наадмын 98 хувь нь гадаадынхан үзэж сонирхдог гэсэн судалгаа гарсан юм билээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулдаг, хороо, дүүрэг, иргэд маш идэвхтэй оролцдог том наадам болж чадсан гэж үздэг.

-Үндэсний хувцас маань мэдээж бидэнд сайхан харагдах нь лавтай. Харин гадныхан хэр хүлээж авдаг юм бол?

-Гадагшаа явахдаа дээлээ өмсөж явах дуртай. Надтай биш харин миний дээл өмссөн байгаатай маань хүмүүс зургаа авхуулахыг хүсдэг. Гадаадад очоод брэндийн хувцас өмсөхөд хэн ч тоож харахгүй, тэдний нүдэнд өртөхгүй. Харин үндэсний дээлээ өмсөхөд хүн бүр ирж зургаа авхуулах гэнэ, хэний ч нүдэнд өртөнө. Манай хувцас өвөрмөц, тансаг, маш тод өнгөтэй, үнэхээр гайхалтай, гадныхны харааг үнэхээр булаадаг.

 

-Бид дээлний загварыг ихээхэн өөрчилж өмсдөг болчихлоо. Үүнийг та хэрхэн үзэж үнэлж байдаг вэ?

-Сүүлийн үед загварын олон салон ажиллаж, урчууд олширч, дээлийг янз бүрээр өмсөж байна. Би үүнийг буруушаадаггүй. Өмсөж байна гэдэг сайн. Хамгийн гол нь бэлгэдэл, уламжлалыг хадгалж байх ёстой.

-Үндэсний дээл хувцас өдөр тутмын хэрэглээнээс төр засгийн түвшний гоёл хэдийнэ болсон. Үүнд “Монгол костюмс” компанийн урчуудын үүрэг оролцоо их гүйцэтгэлтэй байсан. Таны анх зорьж эхлүүлсэн компанийн чиг хандлага одоо ч хэвээрээ юу?

-Би хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй. 1975 онд ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд сурсан. Тухайн үе социализмын үе байсан учраас тэр бүр үүх түүхээ мэддэггүй байлаа. Мэргэжлээрээ сурч байх үед бидний үзэж байсан “Дэлхийн загварын түүх” номд монгол хувцасны талаар нэг үг, үсэг ч байдаггүй байв. Гэтэл энэтхэг, япон улсын хувцасны түүх багтсан байдаг. Түүнээс монгол жижигхэн юм даа, биднийг хэн ч мэддэггүй юм байна гэдэг сэтгэгдэл хүчтэй үлдсэн. Харин 1990 онд ардчилал гарснаас хойших өнгөрсөн 30 жилийн хугацаанд хаанаас угсаа гаралтай юм гэж үүх түүхээ мэддэг болсон л доо. Хоёр том гүрний дунд санаатай болон санамсаргүй дарагдсан байсан. Энэ хоёр улсыг олон жижиг ханлиг улс байхад нь бидний өвөг дээдэс том улс болгосон. Хүннүгийн үеэс эхлээд төрт ёсны эзэнт гүрэн байх үед бусад улсууд бидний соёлыг даган дууриадаг, дээл хувцсыг нь өмсдөг байж. Тэгж байж монголчуудад таалагддаг, Их хуралдайд гадныхан дээл хувцас өмсөж ирдэг байсан түүхтэй. Монголчууд мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл гэж ярьдаг. Энэ нь Хүннүгийн үеэс хувцастай холбоотой байсан учир бид хойч үе, залуу үедээ таниулахын тулд дөрөв дэх номоо гаргахаар ажиллаж байна.

-Ер нь манай улс Соёлын элчүүдийн талаар ямар бодлого дэмжлэг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Соёлын элч нар маань байнга хуралддаг. Залуучууд янз бүрийн ажил санаачилдаг. Нийт 50 гаруй Соёлын элчээс 24 нь гадаадад ажиллаж, амьдарч байна. Бүгд хоорондоо нэгдэн  гадаадад өв соёлоо сурталчлах талаар ярилцдаг боловч мөнгө төгрөгний асуудалд гацдаг.


Соёлын элч гэдэг нэр хүндтэй боломжийг ашиглан улсаа сурталчлах хүсэл эрмэлзэлтэй залуус олон бий. Соёлын элч бол ГХЯ-ны зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэх гэж буй маш ач холбогдолтой ажил гэж үзэж байна. Соёлын элч нараа сайн ашиглавал Монгол Улсаа сурталчилж чадна. 





Холбоотой мэдээ