АРХАНГАЙ: Хүүхдүүдийн төлөө бодлогын түвшинд асуудлыг авч үзэх хэрэгтэйг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-12 15:18:40
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны тайлангийн хурал боллоо. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл нь 2022 онд 32 ажлыг төлөвлөж, зөвлөлийн гишүүн байгууллагууд хэрэгжүүлэн ажиллажээ.
Жилийн эцсийн тайлангийн хурлаар төлөвлөгөөнд тусгасан ажлуудын хэрэгжилт, явцын талаар аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэл хийв.
Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлыг Архангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг даргын орлогч В.Мөнхбат удирдан явуулсан. Тэрээр "Хүүхдийн төлөө зөвлөл, зөвлөлийн үйл ажиллагаа хариуцлагатай бүтэц. Байгууллага бүр тухайн оны төлөвлөгөөгөө ирүүлэхдээ тогтмол үйл ажиллагаанаасаа ангид ажлыг төлөвлөж ирүүлж баймаар байна. Мөн холбогдох төсөв, санхүүжилтийг тавьж, үр дүнтэй, тодорхой байх зарчмыг баримтлах шаардлагатай" гэв.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Болормаа "Жилийн төлөвлөгөөнд байгууллагууд саналаа ирүүлэхдээ онцлог, үр дүнтэй хэрэгжих 2-3 ажлыг төлөвлөх шаардлагатай. Салбар хоорондын уялдааг хангахын зэрэгцээ хүүхдүүдийнхээ төлөө бодлогын түвшинд асуудлыг авч үзэх хэрэгтэй байна" гэлээ.

Саяхан болсон “Хүүхдийн V чуулган”-ы үеэр хүүхдүүдээс 320 санал бичгээр өгснийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэгтгэсэн байна. Үүнийг Зөвлөлийн хурлын үеэр хэлэлцэх асуудлын хүрээнд зөвлөлийн гишүүдэд сумдын Засаг дарга нарт албан даалгавраар хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, саналын дагуу хэрэгжүүлсэн ажлуудыг тухай бүрд хүүхдүүдэд мэдээлж байх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахыг Засаг даргын орлогч В.Мөнхбат зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
Холбоотой мэдээ