Найман төрлийн татварыг нэмэхээр төсвийн тодотголд тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар 2016 оны Төсвийн тодотголын нэгдэх хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
2016 оны Төсвийн тодотгол буюу Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уншиж танилцуулсан юм.
Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээг 6,655.6 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь анх батлагдсан түвшнээс 432.9 тэрбум төгрөг буюу 7 хувиар, 2015 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 14 хувиар нэмэгдэхээр төсөвлөгджээ. Мөн Төсвийн тодотголоор УИХ болон Засгийн газрын гаргасан шийдвэрийн хэрэгжилт, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн улмаас урсгал зардлыг 574.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч төсвийг хэмнэх, зарим урсгал зардлыг тэвчиж бууруулах, төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, зарим нийгмийн хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх замаар 2016 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 141.4 тэрбум төгрөгөөр, хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад урсгал 297.7 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.
Ингээд Тодотголтой холбогдуулан асуулт хариулт өрнөсөн бөгөөд гишүүдийн зүгээс төрийн албан хаагчдын цалинг хасах, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зэргээр нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд таналт хийж, эсэргээрээ хөрөнгө оруулалт, урсгал зардлыг нэмэгдүүлсэн нь буруу гэсэн шүүмжлэлийг нэлээд тавьж байв. Ард түмэндээ хатуу, компаниудад өгөөмөр төсөв болж байна гэх гишүүн ч байлаа. Мөн гишүүдийн зүгээс шинээр бүтээн байгуулалт хийж, цэцэрлэг сургууль барих боломжгүй болж байгаа ч Хүүхэд харах үйлчилгээг дэмжиж, зардлыг нь танахгүй байх нь зүйтэй гэж байв.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад хариулсныг тоймлон хүргэвэл:
-Засгийн газар бүрэн танхимаараа ажиллаж эхлээд 26 хонож байгаа. Эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоож, дараа нь тогтворжуулж, улмаар сэргээх бодлого барихаар төлөвлөсөн. 2016 оны төсвийн тодотголд нэг ч шинэ бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт тусаагүй. Харин өмнө нь гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн хөрөнгө оруулалтыг тусгаж байна. Засгийн газрын хувьд гэрээ байгуулж үүрэг хүлээсэн бол түүнийгээ гүйцэтгэдэг байх зарчмыг барина. Гүйцэтгэж чадахгүй бол гэрээ байгуулахаас татгалзана. Тиймээс өмнө нь гарын үсэг зурж, гэрээ байгуулсан ажлын төлбөрийг олгохоор тусгасан. Харин шинээр гэрээ байгуулахгүй.
Мөн нийт төрийн албан хаагчийн цалинг хасах гэж байгаа мэт ойлголт байна. Цалингийн бууруулах арга хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар болон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй дүйцүүлэх бусад албан тушаалтнууд буюу нийт 256 албан тушаалтан хамарч 557.9 сая төгрөгийн зардал буурна. Төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид буюу аймаг, нийслэлийн ЗДТГ, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнуудын буюу нийт 1977 албан тушаалтны цалинг 20 хувь бууруулж, цалингийн санг нийт 1,593.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсон.
Хүүхэд харах үйлчилгээний хувьд санхүү сайжирвал эргээд нэмнэ.Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож үлдсэн 40 хувьд нь Засгийн газар бонд гаргаж, хадгаламж хэлбэрээр байршуулан 2019 онд бүрэн олгоно.
Татварын тухайд, зөвхөн тансаг хэрэглээний гэж болох 8 татвар нэмэгдэж байгаа. ХАОАТ-ын тухайд жилийн 30 сая төгрөг хүртэлх орлогын татвар хэвээр буюу 10 хувь байж, үүнээс дээш орлогод 25 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүнд татвар авах тогтолцоо 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсныг татаж, 2017 оны 1 дүгээр сарын 1 болгосон. Мөн 4500 см.куб-аас дээш эзэлхүүнтэй автомашины онцгой татварыг 30 хувиар, архинд 20 хувь, тамхинд 10 хувь татвар нэмж, ашигт малтмал ашигласны татварыг өмнө нь байсан хэмжээнд буюу 5 хувьд хүргэсэн. 150 мкв дээш орон сууцны татвар мөн нэмэгдсэн. Ингэснээр 2017 онд 214.1 тэрбум, 2018, 2019 онд 210 гаруй тэрбум төгрөгөөр төсөвт орох орлого нэмэгдэнэ.
Урсгал зардлын цэвэр өөрчлөлт 432.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсөвлөсөн. Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхэд Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Канадын Хан ресурс компанид олгосон нөхөн төлбөрийн зардалд 141.5 тэрбум төгрөг, зээлийн хүүгийн зардал 100.1 тэрбум төгрөг, Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоход нэмж 79.2 тэрбум төгрөг, өндөр насны болон халамжийн тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 64.1 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эмийн болон шинжилгээний үнийн хөнгөлөлтөд 23.4 тэрбум төгрөг, хуулийн дагуу төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгох 1 удаагийн тэтгэмжид 2016 онд дутагдаж буй хөрөнгийг шийдвэрлэхэд 24.5 тэрбум төгрөг, Боловсрол, Эрүүл мэнд, соёл болон хөдөө аж ахуйн салбарт урьд оны төсвөөс санхүүжүүлээгүй цалин, тогтмол зардлын өр төлбөрийг барагдуулахад 22.3 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд 15 тэрбум төгрөг, Эрчим хүчний татаасыг 8.0 тэрбум төгрөгөөр, Сайн хувьцаа хөтөлбөрийг хэрэгжүүлсэн банкнуудын үйлчилгээний 18 шимтгэлийн хураамжид 12.3 тэрбум төгрөг болон ханшийн зөрүүгээс нэмэгдэх урсгал зардал зэргийг төсөвт нэмж тусгасантай холбоотой.
Сангийн яамнаас ажлын хэсэг гарч, бүх төсвийн байгууллагуудад санхүүгийн шалгалт оруулсан. Энэ шалгалтаар төсвөөс ямар бүтээн байгуулалтад хэдэн төгрөг төсөвлөж, хэд нь зарцуулагдсан бодит тоо гарч ирнэ” гэж хариулт тайлбар өгсөн юм.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 51 хууль, тогтоолын төслийг буцаан татаж байгааг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ