ХӨВСГӨЛ: Оны эхний 10 сард осол, гэмтлийн өвчлөл 1279 бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр зам тээрийн ослын улмаас хохирсон иргэдийн ар гэрийхэнд хүндэтгэл илэрхийлэх “Хичээх өдөр” өнөөдөр тохиож байна.
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран иргэдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна. Тус аймагт оны эхний 10 сарын байдлаар осол, гэмтлийн өвчлөл 1279 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 500 тохиолдлоор нэмэгдсэн байна. Мөн нас баралт 100 тохиолдол бүртгэгдсэний дотор зам тээврийн ослын улмаас 18 иргэн амиа алджээ.
Бүртгэгдэж буй осол гэмтлийн 40 гаруй хувь нь архи согтууруулах
ундаа хэрэглэсний улмаас үүдэлтэй аж. Иймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн
хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын
цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад Б.Батбаатар анхааруулав.