CGTN: Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-28 16:23:16

БЭЭЖИН. /CGTN/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал Хятад-Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн гарчиг бүхий нэгэн нийтлэл Хятадын Төв Радио Телевизийн “CGTN” телевизийн цахим хуудсанд гарсныг орчуулан хүргэж байна.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айчлал хийх үеэрээ “Хямралын үед бие биендээ тусалж, Хятад-Монголын харилцааны хөгжлийн шинэ эрин үеийг хамтдаа бүтээцгээе” хэмээх сэдвийн хүрээнд Монголын төрийн ордонд илтгэл тавьж байсан билээ. 


Тэрбээр уг илтгэлдээ Хятад-Монголын найрамдлыг тодорхойлон хэлэхдээ, “Сайн хөрш алтнаас ч үнэтэй. Хятад улс бол дэлхийн хамгийн олон хөрштэй орон бөгөөд манай улс хөрш орнуудаа ‘үнэт баялаг’ гэж үздэг” гэсэн юм. 


1960 оны хавар тухайн үеийн Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай Монголд айлчлах үеэр хоёр улс эдийн засгийн харилцан туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан ба технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай Найрамдал, харилцан туслалцааны гэрээнд гарын үсэг зурж байсан түүхтэй. 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны наймдугаар сарын 7-нд нийслэл Улаанбаатар хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзах үеэрээ Хятад улсыг “алтнаас ч үнэтэй” сайн хөрш гэж тодорхойлон хэлсэн. “Бээжин 2022” өвлийн олимпын наадмыг “бойкотлохыг” АНУ тэргүүтэй улс орнууд уриалж байсан ч Л.Оюун-Эрдэнэ энэ олимпын наадмын нээлтийн ёслолд биечлэн оролцсон нь Хятад-Монголын харилцааг улам бүр бэхжүүлж өгсөн юм.


Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад улсад одоо хийж буй хоёр өдрийн айлчлал нь хоёр талын харилцааны шинэ эрин үеийг эхлүүлэх төлөвтэй байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Хятад улсад хийж буй У.Хүрэлсүхийн анхны төрийн айлчлал нь Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал өндөрлөсний дараахан болж байна. Энэ нь Монгол Улс дэлхийн тавцанд Хятад улсын үзүүлж буй нөлөө болон Хятад улстай харилцаагаа бэхжүүлэхийг ихээхэн чухал ач холбогдол өгдөг болохыг илтгэн харуулж байна.


2022 оны есдүгээр сарын 15-нд Узбекистаны Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр У.Хүрэлсүх БНХАУ-ын даргатай уулзахдаа, “Манай хоёр улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь бидний уламжлалт найрсаг харилцаа улам бат бөх болж буйн илрэл” гэж хэлсэн юм.


Хятад улсын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн билээ.  Монгол Улс нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын түнш орон юм.


Харин БНХАУ нь уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэхийн тулд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих зорилгоор хэрэгжүүлж буй Монголын “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.


У.Хүрэлсүхийн айлчлал нь Монгол-Хятадын улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх болно. Хятадын хөрөнгө оруулалт нь Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болсоор ирсэн учир энэ айлчлал нь Монголын Засгийн газрын гаргаж буй улс төрийн прагматик овсгоо самбаа, ур чадварын илэрхийлэл болж байна.


БНХАУ нь Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд худалдааны хамгийн том түншийн байр сууриа сүүлийн 18 жил дараалан хадгалсаар иржээ.


2022 оны наймдугаар сарын байдлаар, Монголын Хятад улстай хийсэн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.4 хувиар өсөн 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Тодруулбал, Монголын Хятадтай хийсэн экспортын хэмжээ 6.59 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт нь 1.91 тэрбум ам.доллароор хэмжигдсэн байна.


Түүнчлэн “Бүс ба Зам” болон Монголын “Талын зам” хөтөлбөр нь Хятад, Монголын хувьд хоёр талын хөгжлийн стратегиудаа нэгтгэх замаар  харилцаагаа бэхжүүлэх зөв зам юм. 


Тус хоёр улс нь энэ айлчлалыг стратегийн харилцан илтгэлцлээ гүнзгийрүүлж, худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарын прагматик хамтын ажиллагааг ахиулж, аюулгүй байдал ба батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын харилцаагаа шинэ шатанд гаргах “боломж” болгон ашиглах хэрэгтэй.


Холбоотой мэдээ