Хүнсний аюулгүй байдлыг хангахын суурь нь мал, мах бэлтгэлийн зөв тогтолцоо юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-28 14:23:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Корпорайт” зочид буудалд болж буй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Монгол мах” анхдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх оролцож үг хэллээ.


Тэрбээр хэлсэн үгэндээ, төрийн тэргүүний санаачилгаар дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын энэ оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоол үндсэн 5 чиглэлээр хангагдан ажиллахыг онцоллоо.




Энэ нь мал аж ахуйн бодлого дээр тухайн салбарын үйлдвэрлэлийн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон төсөвтэйгөө уялдуулан тусгайлан заалт болгон оруулсныг тэмдэглэн хэлэв.


Энд бэлчээрийн даацад тохирсон малын тоо, толгойн зохистой харьцааг бий болгох, малын эрүүл мэндийг хамгаалах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг чанаржуулж, малчдын үүрэг оролцоог энд нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэсэн том зорилт орсныг тодотголоо.



Ингэхдээ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, загвар хоршоодыг байгуулж шинэчлэх хөдөлгөөнийг бүх талаар дэмжинэ гэсэн зорилтыг оруулсныг дурдлаа.


Эдгээр ажлын суурь болгож хийх гол асуудал нь монгол малыг эрүүлжүүлэх юм гэдгийг тэрбээр онцоллоо. Нэг ёсондоо хүнсний аюулгүй байдлыг хангахын суурь нь мал, мах бэлтгэлийн зөв тогтолцоо юм гэдгийг тодотгов.



 


“Корпорайт” зочид буудалд өнөөдөр болж буй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Монгол мах” анхдугаар чуулга уулзалтад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүд, 200 гаруй зочид оролцож, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн талаар хэлэлцэж байна.


Мөн “Монгол мах” үзэсгэлэнд худалдаанд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй компани оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаж байна.





Холбоотой мэдээ