Өнөөдөр "Монгол бахархал"-ын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-24 06:23:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой, "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм.


Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 


Энэ жилийн хувьд тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болсныг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор зарласан юм.


Өнөөдөр дараах хөтөлбөрийн хүрээнд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнд:

07.30 цагт Төрийн далбааг мандуулна.

08.00 цагт Төрийн тугийг цэнгүүлнэ.

10.00 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болно.

12.00 цагт Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.

14.00 цагт “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн ”Чингис хаан” музейд болно. 

Холбоотой мэдээ