МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг М.Дүгэрсүрэнгийн нэрэмжит болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-21 16:36:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг түүний нэрэмжит болголоо.


Монголын анхны мэргэжлийн дипломатуудын нэг Мангалын Дүгэрсүрэн нь дипломат албанд нийт 37 жил, түүний дотор Гадаад явдлын яамны сайдаар 17 жил ажиллаж, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дипломат албыг өсгөн бэхжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай гадаад харилцааны ажилтнууд, мэргэжлийн дипломатуудыг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.


Монгол Улсын цомхон бөгөөд чадварлаг дипломат албыг бэхжүүлэхэд М.Дүгэрсүрэн агсаны оруулсан хувь нэмэр асар их юм. Өмнө нь олон улсын харилцааны мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан манай улс 1991 онд Олон улсын харилцааны сургуулийг байгуулж, үндэснийхээ боловсон хүчнийг өөрсдөө бэлтгэдэг болоод 30 гаруй жил өнгөрч байна.

Тэрбээр гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа ч эзэмшсэн мэргэжил, ажлын баялаг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлж, Монгол Улсын гадаад бодлогын алтан аргамжийг бэхжүүлэхийг зорин, мэргэжлийн дипломатуудаа дотооддоо бэлтгэх зорилготой МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Тухайлбал, тус сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулж, багш нарыг бэлтгэх ажлыг гардан хийсэн юм.
Холбоотой мэдээ