ОРХОН: С.Лхагвасүрэн: Хорвоогийн хамгийн их аз жаргал хамгийн их өвдөлтөөр ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-20 10:27:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Салбартаа 30 орчим жил ажиллаж, 5000 гаруй хүүхдийг эх барьж авсан БОЭТ-ийн туршлагатай, чадварлаг эх баригч С.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Таны эх баригч болсон түүхээс яриагаа эхэлье?

-Манай удамд эмч, эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд олон бий. Хүнд ямар их хэрэгтэйг нь мэддэг учраас, бэлгэдэл чанар нь маш их таалагддаг учраас эх баригч болохоор шийдсэн.1993 онд анхны дадлагаа хөдөө суманд хийж, сумын эмчийг дагаад малчин айлд эх барих завшаан тохиосон юм. Өөрөө ч хүүхдээрээ байлаа. Айж, сандарч байсан хэдий ч туршлагатай эх баригчийн тусламжтайгаар анхныхаа хүүхдийг эх барьж “Хүйн ээж” болж байлаа. Энэ цагаас хойш ажил амьдрал ёстой хөвөрсөн дөө.


-Бараг 30 орчим жил эх баригчаар ажилласан байна. Энэ бол их хугацаа. Энэ хугацаанд нийт хэдэн хүүхдийг эх барьж авсан бэ? 

-Нийт 5000 гаруй хүүхдийг эх барьж авсан байна. Монголчууд эх баригчийг хүйн ээж гэж хүндэтгэдэг ард түмэн. Үндсэндээ 5000 хүүхдийн хүйн ээж болсон байна. Миний эх барьж авсан хүүхдүүд эхнээсээ нас биед хүрээд, гал голомтоо бадраагаад, зарим нь бүр над дээр ирж төрөх тохиолдол ч гарч байна.


-Эх хүүхдийг эсэн мэнд учруулна гэдэг хорвоогийн хамгийн гэгээлэг ажил байх. Гэхдээ таны бахархлыг өөрөөс тань сонсмоор байна.  

-Хормын өмнө чадахгүй, тэсэхгүй юм шиг өвдөж байсан эх дөнгөж амаржаад тэр бүх өвдөлтөө мартаад зөвхөн хүүхдээ л харах гэж тэмүүлдэг. Эсэн мэнд амаржсан эх үрээ тэврээд, амлуулаад харж байгаа тэр хайрын харц бол юутай ч зүйрлэшгүй хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг.  Тэр нүдэндээ буулгасан сайхан агшнаас л маш их ажлын эрч хүчийг авч, ажлаараа бахархах сэтгэл төрдөг.


-Танаас өөр эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүн танай гэрт байдаг уу?

-Би ганц сайхан охинтой. Би өөрөө эмнэлгийн салбарт, охин минь дагаад эмч болсон. Эмнэлгийн салбарын ачаалал ямар билээ. Цаг наргүй л ажиллана. Охинд минь ээжтэйгээ хамт байх сан гэсэн хүсэл их л байсан байх. Гэхдээ  ээжийнх ажил цаг наргүй учраас охиноо гэрт нь цоожлоод л ажилдаа ирдэг байсан. Хааяа бас ажилдаа дагуулж ирнэ. Айлын ганц хүүхэд учраас нялх жаахан амьтдыг харж их өхөөрдөж баясна.  Эмнэлгийн ажлын хүнд хэцүү, баяр жаргал аль алиныг нь харж өссөн болохоор эмч болоход нь бас нөлөөлсөн байх гэж боддог.


-Таны ажил амьдралдаа баримталдаг зарчим?

-Хүн хүнээрээ л дуусдаг хорвоо. Бусдыг жишиж ялгахгүй байх, хийж буй зүйлдээ эзэн нь байж хариуцлагатай, тууштай хандах миний амьдралын зарчим. Ээж болсноор эмэгтэй хүний амьдрал жинхэнэ утгаар эхэлдэг. Эмэгтэй хүн эх хүн болох гэж яаж зовж, зүдэрч, тэсэж тэвчдэгийг нүдээрээ өдөр бүр хардаг учраас сэтгэлд нь дэм болчих юм сан, тусалчих юм сан гэсэн сэтгэлээр хандаж, бүгдийг нь “Миний охин” гэж дууддаг. Хүн хүүхдээ л миний охин гэж дууддаг шүү дээ. Энэ үгийг хэлэх бүртээ ээж нь хажууд нь байгаа юм шиг халуун дулаан мэдрэмжийг өгч, сэтгэлд нь дэм болох гэж хичээдэг.


-Төрөх гээд ирж байгаа ээжүүдэд төрөхөөсөө өмнө заавал мэдэж байх ёстой зүйл гэвэл та юу зөвлөх вэ? Их олон ээжүүд мэдлэг, мэдээлэлгүйгээс болж өөрийгөө их зовоодог юм шиг санагддаг. 

-Эх хүн болохдоо урьдчилж бэлдэж ирдэг байгаарай гэж зөвлөнө. Яагаад гэвэл дөнгөж төрж байгаа ээжүүд буруу дүлэлтээс болж үтрээ, хярзангийн урагдалтай, хөхөө бэлдээгүйгээс хөхүүлэх явцад хөхний толгой нь хагарч цустай сүүгээ амлуулахад хүрдэг. Өөрт нь маш их зовуурьтай байдаг учраас зөв дүлэх техник, амьсгалаа зөв хуваарилах дасгалыг хийж, хөхөө арчилж мэддэг байвал ээж болоод “бага зовно”. Ядаж л жирэмсний хугацаан дахь товлолт саруудад өрхөөс зохион байгуулдаг сургалтуудад төвөгшөөлгүйгээр хамрагддаг бол олон зүйлийг мэдэж авна гэж боддог.


-Та сая ярилаа, үтрээний урагдал үүсэж байна гэж. Үтрээ, хярзангийн урагдлаас үүдэлтэй маш олон өвчлөл төрсний дараа эргээд хэвийн амьдралдаа шилжих явцад үүсдэг. Урагдал ер нь юунаас болж үүсээд байна, хэвийн төрөх боломжтой юу?

-Олон шалтгаантай. Цор ганц буруу дүлэлтээс үүсдэг гэж болохгүй. Ээжийн үтрээний цэвэршилтийн зэрэг, ариун цэврээ хэр зэрэг сахиж байна гэдгээс бас хамаарч болно. Төрж байхад нь удирдаж байгаа эмч, эх баригчийн ур чадвараас шалтгаалдаг гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Миний хувьд тухайн эхэд өвдөлт өгөхөөс эхлээд төрөх явцад нь аарцаг ёроолын булчин суллах дасгал, амьсгалаа хэрхэн удирдах, хэзээ дүлэх вэ зэрэгт зөвлөөд явдаг. Үүн дээр нэмээд зөв процессын дагуу төрөх арга бол сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хийх. Өвдөж байгаа хүний хажууд сэтгэлийн бэлтгэл муутай, орилж хашхирдаг хүн байвал хүний сэтгэл санаа дагаад тогтворгүй болчихдог. Дагаад хашхираад эхэлбэл төрөх хүч суларч, дараа дараагийн эх хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд үүснэ.

Хорвоогийн хамгийн сайхан аз жаргал хамгийн их өвдөлтөөр ирдэг гэж би боддог.  Яагаад гэвэл энэ хорвоогийн хамгийн их аз жаргал юу вэ гэхэд үртэй болсон явдал гэж хэлдэг. Хамгийн хэцүү өвдөлт юу вэ гэвэл хүний 20 яс нэг зэрэг хугарч байгаатай ижил төрөхийн өвдөлтийг гэж хэлдэг. Тийм болохоор төрөх гэж байгаа ээжүүддээ – Миний охин тэвчээртэй байгаарай гэж захидаг.


-Сүүлийн үед өсвөр насны жирэмслэлт гэж ихээр ярих боллоо. Миний хувьд дэгж дэрвэж, хамгийн үзэсгэлэнтэй харагдах энэ насан дээрээ хамгийн сайхнаараа цэцэг шиг дэлгэрээсэй гэж хүсдэг. Гэхдээ жирэмслэлт улам залуужаад л байна. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж эмзэглэдэг. Тухайн хүүхдийн нас нь ч тэр сэтгэлзүй нь ч тэр аль аль талдаа бэлтгэгдээгүй байдаг. Үүнд маш олон хүчин зүйл хамаатай. Эцэг эхийн хараа хяналт, хүүхдэд олгож буй бэлгийн боловсрол, тухайн хүүхдийн орчин нөхцөл гээд буруутгах аргагүй олон хүчин зүйл бий. Нэгэнт эх хүн болох шийдвэр гаргаад ирсэн өсвөр насны ээжид бид чадах чинээгээрээ сэтгэлзүйн дэм үзүүлж, бусдын л адил эмнэлгээс үзүүлж болох бүх талын туслалцааг үзүүлдэг.


-Иргэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ачаалал, хандлагыг маш их шүүмжилдэг. Гэтэл нөгөө талдаа эмнэлгийн ажилчид өөрсдөө ачааллаа дийлэхгүй, түүндээ маш их стресстэй байгаа харагддаг. Танай БОЭТ, ялангуяа Төрөх тасаг хэр зэрэг ачаалалтай ажилладаг вэ? Хүний нөөц хангалттай юу?

-Дан ганц БОЭТ төв улс даяараа эмч, эмнэлгийн ажилчдын хомсдолтой байгаа. Манай төрөх тасгийн хувьд ачаалал өндөр, өдөрт дунджаар 5-6 эх амарждаг. Үүн дээр кесар хагалгаа нэмэгдэнэ. Одоогоор найман эх баригч жирэмсний амралттай байгаа. Нэг эх баригчид ногдох ачаалал ихсэж байгаа хэдий ч эх нярайн эндэгдэлгүй, бүх хүнд хүрч ажиллахад анхаарч бүгд л чанах чинээгээрээ хичээж ажиллаж байна.


-Ажлын ачаалал, хүмүүсийн харилцаа хандлагаас болоод “больчихъё” гэдэг бодол орж ирж байсан уу?

-Ажлын ачаалал их байх хэцүү. Гэхдээ түүнээс илүү хүнийг шантрахад хүргэдэг зүйл бусдын харилцаа хандлага байдаг. Бид аль болох тухайн эхийг төрүүлэх стандартыг мөрдөж, өөрөөр нь, жам ёсоор нь төрүүлэх гэж хичээдэг. Хүндрэл үүсэж болох эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд дараагийн арга хэмжээ буюу кесар хагалгаанд оруулдаг. Ар гэрийнхэн нь юу гэдэг вэ гэвэл хүүхэд зовоож, зовоож байгаад хагалгаанд орууллаа. Анхнаас нь шууд хагалаад авчихсан бол... гэдэг. Кесар хагалгаа тийм амар зүйл бол бид хүн болгоныг зовоохгүйгээр хагалгаанд оруулчихна шүү дээ. Түүний цаана бүхэл бүтэн баг ажиллахаас гадна, жам ёсоор төрснөөс илүү хүндрэлүүдийг тухайн ээжид бий болгодог. Адаглаад ойрхон жирэмслэх боломжгүй, төрөлтийн тоо хязгаартай, савны оёдол дээр ураг бэхлэгдвэл ховхрох зэрэг маш олон эрсдэлтэй хүчин зүйлийг дагуулдаг учраас бид аль болох л эхийг жам ёсоор нь төрүүлэх гэж хичээдэг.


-Ярилцлагын төгсгөлд бусдад дайх сайхан үгийг тань хүргэе?

1998 оноос хойш тасралтгүй 24 жил БОЭТ-ийн төрөх тасагтаа ажиллалаа. Энэ хугацаанд өлгийдөж авсан үе үеийн ахмад эмч, эх баригчдадаа, мөр зэрэгцэн ажиллаж яваа хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.

 

Холбоотой мэдээ