ЗАВХАН: Монгол Ганжуурыг заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-18 21:28:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Төгс буянт Жавхлант хийдийн харьяа Дэчиндаржаалин хийдэд Монгол Ганжуурын 108 ботийг залжээ.

Монгол Ганжуурыг залах ёслолын үеэр Завхан аймгийн Төгс буянт Жавхлант хийдийн хамба, гэвш ламтан С.Баяндорж, сүсэгтэн олонд Бурхан багшийн дээдийн номын цоморлогийн тухайд тайлбар, танилцуулга хийлээ. Мөн төр-түмний энх амгалан, эв эе, барцадгүй мэнд байхын тухайтад лам хуврагууд Гүнсүнтүгийн мандал өргөлөө.

Монгол Ганжуурын 108 ботийг Энэтхэгийн Соёлын яамны дэргэдэх Индира Гандигийн нэрэмжит Урлагийн үндэсний төвөөс "Судар бичгийг хамгаалах хөтөлбөр"'-ийн хүрээнд дахин хэвлэж, манай улсад 50 иж цоморлогийг өгч, ийнхүү түгээж буй юм. Ингэхдээ Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн бүрэлдэхүүн хүрээ хийдүүдэд ёслол төгөлдөр олгон залж байна. Ганжуур нь Зарлигийн хураангуй буюу Бурхан багшийн айлдварыг тэмдэглэсэн дээдийн номын цоморлог юм.


Ганжуур, Данжуурыг анх XIII зууны сүүл, XIV зууны эхэн үе буюу Эзэнт гүрний үед Чойжи-Одсэр тэргүүтэй монгол дуун хөрвүүлэгчид орчуулж эхэлснийг хожмоо Жанжаа хутагт Ролбийдорж (1678-1735) хэмээх бичгийн их хүмүүн, ачит номун хан, амьтны нийтийн оройн чимэг, язгуур хийгээд хот мандал бүхний эзэн тэр бээр тэргүүлэн бусад нэртэй дуун хөрвүүлэгчдийн хамтаар монгол хэлээр бүрэн орчуулж дуусгасан түүхтэй юм гэж Төгс буянт Жавхлант хийдээс мэдээлэв.  




Холбоотой мэдээ