Ф.Гулленыг шилжүүлэн өгөх хүсэлтийг АНУ албан ёсоор хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-24 15:44:20

ВАШИНГТОН. /Anadolu/.  Өнгөрсөн сард цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж сэжиглэгдэж буй Феттулла Гулленыг шижлүүлэн өгөх хүсэлтийг Анкарагаас албан ёсоор хүлээн авснаа АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ноён Гулленыг шилжүүлэн өгөх хүсэлтийг бид Туркээс албан ёсоор хүлээн авсан” гэв.

Долдугаар сарын 15-нд цэргийн эргэлт хийхийг оролдсон Туркийн армийн доторх цөөнхийн бүлгийг лалын шашны номлогч, Америкт байгаа Гулленаас зааварчилгаа авсан гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм. Цэргийн эргэлт хийхийг оролдох явцад 240 хүн амь үрэгдэж, бараг 2200 хүн шархадсан билээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байденгийн Туркэд хийх айлчлалын өмнөх өдөр Тонер ийм мэдэгдэл хийлээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ерөнхий сайд Бинали Йылдырым болон парламентын дарга Исмаил Кахраман нартай Жо Байден уулзана.

Г.Доржханд

Холбоотой мэдээ