Д.Амарбаясгалан: Яамдад шалгалтыг шилжүүлснээр бодлого, хэрэгжилт, хяналт гурав нэгдсэн удирдлагад төвлөрнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-15 12:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хууль, тогтоол, төслүүдийг УИХ-аас баталсантай холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр мэдээллийн эхэнд хэлэхдээ УИХ-аас шинээр баталсан хуулийн танилцуулгыг тогтмол хийж, иргэдэд бодит мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдээллийн цагийг ажиллуулах болсон гэдгийг тодотгоод Засгийн газар дахь хяналтын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн үзэл баримтлал, түүнд туссан зохицуулалтуудын талаар тайлбар хийсэн юм. Тус хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай, Шинэ сэргэлтийн бодлого, “Алсан хараа-2050” хөгжлийн бодлогод туссан зүйл заалтуудыг үндэслэсэн аж.


ЗГХЭГ-ын дарга "Хууль батлагдсанаар захиргааны үйл ажиллагааны үр дүнтэй, бүтээлч байдалд хяналт тавих боломж нээгдэнэ. Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага дээшилнэ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд явуулсан судалгаанаас харахад, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлага ихээхэн алдагдсан гэсэн дүгнэлт тогтмол гарч ирсэн. Иймд тус хуулийн хүрээнд төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг дээшлүүлэх нь тэргүүлэх эгнээний асуудал мөн. 


Нөгөөтэйгүүр УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөл хамтран сүүлийн таван жилийн хугацаанд төрийн албыг хариуцлагатай, үр нөлөөтэй, бүтээмжтэй байлгах төслийг хэрэгжүүлсэн. Төслийн дүгнэлтэд, "Төрийн албыг ур чадвар дээр суурилсан сайжруулалтаар тогтмол хангах шаардлагатай" хэмээн туссан нь ихээхэн анхаарал татахаар байгаа юм. Иймд цаашид Монголын төр ур чадвар, мэдлэгийн хувьд иргэддээ, хувийн хэвшилдээ гологддог байж болохгүй гэсэн үг.


Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нэгж Засгийн газарт байдаггүй байсан. Тиймээс цаашид төрийг илүү хариуцлагатай, төсөв мөнгөний хувьд энэ талын хяналтыг тавьж ажиллах бололцоо нээгдсэн. Түүнчлэн төрийн өмчид үйлдвэрийн газруудын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлж, хариуцлагажуулахад анхаарч ажиллана.


УИХ-аас баталж буй хуулиудын тоо цөөнгүй ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа тул хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байх цаг нь болжээ. Иймд Засгийн газрын зүгээс хуулиудын уялдаа холбоог хангахад чиглэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг УИХ-д өргөн барих болно. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ямар нэг хүнд суртал, дарамтгүйгээр эдэлдэг байхад төвлөрч ажиллана. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байна уу гэдэг дээр хяналт тавина. Ингэхдээ Засгийн газрын хяналтад хамрагдахгүй байгууллагууд бий гэдгийг ойлгож хэрэгтэй. Нэгдүгээрт, УИХ-аас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хоёрдугаарт, яам, агентлагийн хяналтын байгууллага, гуравдугаарт, гадаад харилцаа, Зэвсэгт хүчин, АТГ, цагдаа, шүүх зэрэг байгууллагуудыг хамрахгүй.


Үүний зэрэгцээ мэргэжлийн яамд хяналт шалгалтаа өөрсдөө явуулдаг болж буй. Одоогийн байдлаар, МХЕГ-аас 26 чиглэлийн хяналт шалгалтыг явуулдаг. Үүн дээр мэргэжлийн яамд 13 чиглэлийн хяналт шалгалт явуулдаг. Яамд тус бүр дээр хяналт шалгалтыг нь хариуцуулсанаар тухайн салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шалгалт гурав нэгдсэн удирдлагад төвлөрч, уг салбарын бодлого, үйл ажиллагаа нэг чиглэлээр хэрэгжих юм" гэв. 

Холбоотой мэдээ