ГОВЬ-АЛТАЙ: Т.Дөлгөөнтуяа Мас-Рестлингийн Азийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-15 11:30:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Мас-Рестлингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 11а ангийн сурагч Т.Дөлгөөнтуяа өсвөрийн 50 кг-ын жинд оролцож Азийн аваргын анхны алтан медалийг хүртжээ. 


Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 5-6 өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын Алмалык хотноо Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд долоон улсын баг тамирчид оролцсон бөгөөд манай улсын 20 гаруй тамирчин өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож 13 медальтай эх орондоо ирсэн байна. Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Говь-Алтай аймгийн гурван тамирчин оролцож Б.Шаравын нэрэмжит 3 сургуулийн Г.Гансүх багштай 11а ангийн сурагч Т.Дөлгөөнтуяа өсвөрийн эмэгтэй 50 кг жинд аваргын алтан медалийн эзэн болж Монголын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ.

Мөн эрэгтэй насанд хүрэгчдийн 60 кг жинд Усан спорт чийрэгжүүлэлтийн газрын бассейны багш дасгалжуулагч Ж.Энхбат шагналт байрт шалгарсан бол эмэгтэй насанд хүрэгчдийн 65 кг жинд З.Сарантуяа шагналт байрт оржээ. Үүний сацуу багш дасгалжуулагч З.Сарантуяа Монголын анхны дасгалжуулагчийн алтан медалийн эзэн болсон бахдам амжилтаа Монголын спортын түүхэнд бичиж чадлаа. 

Говь-Алтай аймгийн Усан спорт, чийрэгжүүлэлтийн газар, “Цоохор ирвэс” клубийн багш, дасгалжуулагч З.Сарантуяа: 

-“Шавийнхаа хамт Мас-Рестлингийн спортоор Монгол Улсын түүхэн анхны тодотголтой алтан медалийн эзэд болсондоо маш их баяртай байна. Хагас жил хүрэхгүй хугацаанд ил спортоор хичээллэж байгаа ч энэхүү спортыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оролцож, богино хугацаанд чамгүй амжилтуудыг гаргаж, бүр ахиулсаар байгаа” тухай онцолж байлаа.

Тэрээр цааш нь хэлэхдээ: -“Азийн аварга шалгаруулах сорилго тэмцээний үеэр Мас-Рестлингийн спортын холбоог аймагтаа байгуулах эрхээ авсан. Ойрын хугацаанд үүнийгээ ажил болгохоор зорьж, Азийн аваргын тэмцээнээс ирээд л төлөвлөсөн ажилдаа ханцуй шамлан ороод байна. Холбоогоо байгуулчихаад анхны тэмцээнээ өргөн бүрэлдэхүүнээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү спортын хөгжил цэцэглэлт, ирээдүйн аваргуудыг төрүүлэх эрхэм үйлсэд их спортод сэтгэлтэй хүмүүстэй хамтран ажиллана” гэдгээ ч илэрхийлсэн юм.  


Холбоотой мэдээ