ЗАВХАН: Хүүхдэд чанартай боловсрол олгохын тулд багшийн хөгжлийг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-14 17:43:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг хүүхэд хамгааллын бодлогыг бүх салбартаа амжилттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зудын үед хөдөө орон нутгийн хүүхдэд чиглэсэн цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний туршилтыг 2019-2020 онд хэрэгжүүлжээ. Энэ арга хэмжээнд хөдөөгийн 23 сумын 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулан хүүхдийн мөнгөн тусламж 100000 төгрөгийг олгожээ. Цаашид цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай сайн туршлагыг бий болгож, Монгол Улсын Засгийн газрын хүүхдийн 100.000 хөтөлбөр хэрэгжих хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, баримт нотолгоог бий болгосон гэдгийг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга мэдээлэв.

Мөн өнгөрсөн хоёр жил ковид цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн болоод төрийн ажлын зохион байгуулалтад нэлээдгүй хүндрэл бэрхшээл тулгарч, гэнэтийн цочролд эрүүл мэндийн салбарын бэлтгэл бэлэн байдлыг ихээхэн шалгаж, багагүй туршлага хуримтлуулсан үе байсныг дурслаа. Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 58.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүүхдийн эрүүл мэндэд зарцуулжээ. Тодруулбал, дээрх төсвөөр бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн хоёр автомашиныг эрүүл мэндийн байгууллагад олгож, Улиастай сумын төдийгүй сумдын түвшинд яаралтай тусламжийн үйлчилгээг саад бэрхшээлгүй хүргэжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг түшиглэн Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 290.0 сая төгрөгийн санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан нь цар тахлын үеийн бодит хөрөнгө оруулалт болсныг ярилаа.

Хүүхдийн хөгжих, хүмүүжих хоёр дахь гол орчин бол сургууль, багш, үе тэнгийнхэн байдаг. Тиймээс боловсролын салбарт ихээхэн ач холбогдол өгч байнга бодлогоор дэмжиж ажилладаг.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын найман сургуульд багш хөгжлийн төвийг нээгээд буй. Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургууль, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын хоёр сургууль, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Багш хөгжлийн төв”-ийг орон нутгийн төсвөөс 85.0 сая төгрөгөөр байгуулжээ.

Мөн “Багш-хүүхэд-орчин”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөр, “Чадварлаг багш” үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дундаж 509.4 болж 14 оноогоор нэмэгдүүлсэн байна гэж Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ыг амжилттай хэрэгжүүлэн ажилласан аймгуудын туршлага солилцох. Үр дүнг хэлэлцэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь үзэх уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал мэдээлэв.  

Холбоотой мэдээ