ГОВЬ-АЛТАЙ: “Монгол Жангар” хөтөлбөрт 10641 сурагч хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн сурагчдад “Монгол Жангар хайлах” өвийн тухай танин мэдэхүйн хичээлийг хичээлийн цагийн хөтөлбөрт тусган анги удирдсан багш нар нэгдсэн хөтөлбөрөөр заасан тухай тус аймгийн Соёл, урлагийн газраас мэдээлэв.
Хичээл сургалтад аймаг, сумын ерөнхий боловсролын 28 сургуулийн 10641 сурагч хамрагдсан ба өнөөдөр тус аймгийн бүх суманд “Жангар тууль”-ийн удиртгал хэсгийг ардын авьяастнууд хайлах ажээ.
Говь-Алтай аймагт “Жангар тууль”-ийг 1000 туульч хайлах үйл ажиллагааны бэлтгэл сургууль эхлээд байна. Туулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастан бүрэн эхээр нь хайлах бөгөөд 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлнэ хэмээн холбогдох албанаас онцлон танилцууллаа.