“Дижитал хот” төслийн төлөвлөгөөг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 08:19:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дижитал хот” төслийн хүрээнд “Хэсгийн ахлагчийн систем”, “Онлайн бизнес төв”, “E-school” нэгдсэн платформ, хүүхдийн автобусны системийг үе шаттай нэвтрүүлэх төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав.


Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдэл ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хот бий болгоход төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллахаар болжээ.


Нийслэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагад 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ үзүүлдгээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй юм. Эдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал их бэрхшээл гардаг байсан. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн үйлчилгээг авахад сэтгэл ханамжгүй, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан байв. Үүнийг шийдэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэх “Онлайн бизнес төв”-ийн системийг 2022 оны 1 дүгээр сард хэрэглээнд нэвтрүүлжээ. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээний бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, 5 минутад үйлчилгээ авах боломжтой болжээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах юм.



Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликейшн, хэсгийн ахлагчдын системийг нэвтрүүлнэ. Ингэснээр анхан шатны нэгж болох хэсгийн ахлагчдын үйл ажиллагаа цахимжих аж.


Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажилладаг. Эдгээр оролцогчдын оролцоог тэгш хангах, ил тод байдлыг нэмэх, бэрхшээлийг шийдэх, багш, сургуулийн механик, олон давтамжтай гүйцэтгэдэг ажлыг хөнгөвчлөхөөр eSchool боловсролын нэгдсэн платформыг эхний ээлжид төвийн 6 дүүргийн ерөнхий боловсролын 40 сургуульд нэвтрүүлэхэд бэлэн болсныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Зөвлөлийн хурлаар “Дижитал хот” төсөл хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог ханган, шуурхай зохион байгуулж, хамтарч ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ